Төрийн алба гэмт хэргийн голомт байх гэж үү
"Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая". Энэ бол төрийн албан хаагчийн тангаргийн нэгээхэн хэсэг. Ийнхүү төрд ажиллаж байгаа хүн эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтай байдаг. Гэтэл манайд бий болсон жишгээр сүүлийн жилүүдэд төрийн албан хаагч гэдэг ажил нь ердөө л мөнгө олох, баяжих хэрэгсэл болчихсон байна. Энэ хэрээр төрийн албанд ажиллах гэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр.Үүнтэй зэрэгцээд гэмт хэрэгт холбогдох нь ихэссээр байна.
Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвөөс энэ оны эхний улиралд төрийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийг судалж, холбогдох мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн байна. Энэ оны нэгдүгээр улиралд 231 эрүүгийн хэрэгт 289 төрийн алба хаагч холбогдон шалгуулсан байх юм. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 67 хэргээр буюу 29 хувиар өссөн үзүүлэлт.
6
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 51 нь төрийн албан хаагч, 53 нь төрийн захиргааны ажилтан, 37 нь улс төрийн албан хаагч, 148 нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан байгаа аж. Хууль хяналтын байгууллагад шалгасан 231 хэргээс 64-ийг нь хэрэгсэхгүй болгож, 25-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 133 хэргийн байцаалт үргэлжилж байгаа гэнэ.Харин таван хүний хэргийг шийдвэрлэж, хорих ялаар шийтгэжээ. Төрийн албан хаагчид хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг 73, өмчийн эсрэг 44, албан тушаалын 49, авилгын 15 хэрэгт холбогдсон байна.
Ингээд сүүлийн үед хэрэгт татагдан шалгагдаж буй төрийн албан хаагчдын хэргийг зарим нэгийг эргэн сануулъя.
6
Сүү өгөөгүйн төлөө шантаажлагчид
Мэргэжлийн хяналтын байцаагчид иргэд аж ахуйн нэгжүүдийг дарамталж, тэднээс татаас авдаг тухай хүн бүр л ярьдаг. Үүний нэг нь жишээ бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын нэр бүхий таван байцаагч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Баянчандмань милк" ХХК-ийн ажилчдаас авилга нэхэж, өгөөгүйнх нь төлөө сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоосон. Энэ хэргийг АТГ шалгаж үзээд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Одхүү, байцаагч Одонгэрэл, Мөнхцэцэг, Баярмаа, Бат-Эрдэнэ нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг нь тогтоосон билээ. Тэд "Баянчандмань милк" ХХК-ийг арван литр сүү өгөөгүйн төлөө ийнхүү өөрсдөө хэрэгт холбогдсон аж.
5
Татварын Ч.Гансүхийн хэргийн ээдрээ хөвөрсөөр
АТГ-аас төрийн албан хаагчидтай холбоотой бас нэгэн хэргийг шалгаж эхэлсэн нь Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ)-ын дэд дарга асан Ж.Батбаяр, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нар байлаа.
Ж.Батбаярыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн их хэмжээний НӨАТ-аас зайлсхийсэн гэх үндэслэлээр шалгагдаж буй. Харин Ч.Гансүх нь Улсын төсөв, орлого хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан гэх хэргийн учир шалгаж байгаа. Энэ хэрэгт нэмж сэжигтнээр хэд хэдэн хүн татагдаад байна.АТГ-ын мэдээлснээр Ч.Гансүхийн хүүгийнх нь данснаас 16 тэрбум төгрөг эргэлтэд орж байсан бөгөөд аав н.Чимэд гэх 80 гаруй настай хүний дансанд нэг сая ам.доллар шилжиж орсон байсан гээд энэ хэргийн ээдрээ учиг хөвөрсөөр байгаа билээ.
6
Хуурамч оношоор ялаас чөлөөлөх оролдлого
Сүүлийн үед олны чихийг сэртхийлгээд байгаа төрийн албан хаагчтай холбоотой нэг хэрэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэгдсэн эмнэлгээс эмч нартай холбоотой хэрэг. Тэд хорих ял эдэлж байгаа ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарт ялаас чөлөөлөгдөх өвчний онош тавьж, дүгнэлт гарган, саналаа прокурорын байгууллагад ирүүлсэн байдаг.
Харин прокурорын байгууллагаас тусгай шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулахад ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүмүүжигчдийн өвчнийг буруу оношилсон нь нотлогдоод байгаа. Тиймээс прокурорын байгууллагаас ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын шийдвэрийг хүчингүй болгож, худал дүгнэлт гаргасан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
6
Орон сууцны хөтөлбөр дээр дөрөөлөгсөд
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Дээрх хүмүүс "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд танил талдаа орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа.
6
Ийнхүү төрийн албан хаагч нарт холбогдох хэргүүд ар араасаа хөвөрч байна. Дээр дурдсан жишээнүүд бол төрийн албан хаагчдын нэр хүндийг унагааж байгаа зарим хүмүүсийн нэгээхэн хэсэг нь. Үүнээс өмнө төрийн албан хаагчидтай холбоотой олон ч хэргүүд шүүхээр шийдэгдэж байсан. Тухайлбал, ОБЕГ-ын дарга асан П.Даш, АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбат, АМГ-ын дарга Д.Батхуяг нарыг нэрлэж болно. Гэхдээ эдгээр эрхмүүд "Өршөөлийн хууль" гээч шүхэр дор орчихдог сүйхээтэй хүмүүс. Тэдний дийлэнх нь авилга, хээль хахууль, албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ бүхэн нь хашиж буй албан тушаал, сууж буй зөөлөн суудалтай нь холбоотой байдаггэхэд хилсдэхгүй биз ээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ