Денвер Наггетс “амьд” үлдлээ
Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооны өрнөд бүсийн плэй оффын эхний шатанд учраа таарсан Денвер Наггетс болон Голден Стэйт Уорриорз багуудын цувралын 5 дах тоглолт болж өнгөрлөө. Хоёр багийн цуврал тоглолтыг Алтан Мужийн Дайчид 3:1 харьцаатай тэргүүлж байсан бөгөөд өнөөдөр ялалт байгуулсан бол дараагийн шатанд шалгарах эрхтэй болох байсан юм. Гэсэн ч Денверийн талбай болох Пепси Центрт явагдсан тоглолтын эхнээс л шижир алтнууд илүүрхсэн тоглолтыг үзүүлж байлаа.
Тэд эхний хагас өндөрлөхөд 20 онооны зөрүүг бий болгоод байсан бөгөөд тэдний бүрэлдхүүнээс Андре Игуодала шилдэг тоглолтоо үзүүлж 25 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Харин талбайн зочин баг Уорриорзоос лигт эхний жилдээ тоглож буй залуу довтлогч Харрисон Барнс холын зайнаас таван удаа амжилттай довтолж 23 оноогоор багаа тэргүүлсэн юм. Ингээд эхний хагаст тун тааруу тоглолтыг үзүүлж 20 оноогоор хожигдож эхэлсэн Голден Стэйт Уорриорз тоглолтын хоёр дугаар хагаст тоог барихыг хичээж байсан ч тэдэнд хангалттай цаг байсангүй 107:100 харьцаатай ялагдал хүлээжээ.
Цувралын өмнөх тоглолтуудад Денвер Наггетс багийн ерөнхий дасгалжуулагч Жорж Карл өвөрмөц шийдвэрүүдийг гаргаж Кеннет Фаридыг төвийн тоглогч, Андре Игуодалаг хүчний довтлогчийн байрлалд тоглуулсан нь төдийлөн амжилтанд хүрээгүй юм. Тийм ч учраас тэрээр өнөөдөр сэлгээний төвийн тоглогч Жавейл Макгиг гараанд гарган “Манимал” болон “Игги” нарыг өөрсдийнх нь үндсэн байрлалд тоглуулсан нь ийнхүү үр дүнгээ өгч хожил аван цувралын харьцааг 3:2 болгон ойртуулсан байна. Хурдан довтолгоо, холын зайн шидэлтээрээ лигт дээгүүр жагссан залуу бүрэлдхүүнтэй хоёр багийн цувралын зургаа дах тоглолт баасан гаргийн өглөө Голден Стэйт Уорриорз багийн талбайд явагдах билээ.
Ж.Цогтгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ