
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг эхэлж хэлэлцлээ.
УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх талаар гаргасан саналыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцуулав. Тэрээр танилцуулгадаа Р.Гончигдорж нь 1975 оноос Монгол Улсын их сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ 6 удаа сонгогдон ажиллаж байгаа. Мөн 1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын дарга зэрэг төрийн өндөр албанд олон удаа сонгогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, өндөр мэдлэг чадвартай парламентч. Түүний санаачлан батлуулсан хуулиуд өнөөгийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гарсангүй. Харин гишүүн Л.Цог парламентыг улам бэхжүүлж төлөвшүүлэх, эв нэгдлийг хангахад анхаарч хувь нэмрээ оруулахыг нэр дэвшигчээс хүслээ.
Ингээд санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэр дэвшигч Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо
гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ