Шагнал шийтгэл
-Төрөө хянах үүрэгтэй дөрөв дэх засаглалынхан төрөөс шагнагддаг нь хаанахын ёсон бэ-
Монголын эзэнт гүрэн яаж мөхсөн хийгээд өөр хоорондоо юунаас хагаралдаж байсан тухай олон янзын таамаглал байдаг. Дотоодын үймээн самуун, төрийн алтан хайрцгийн бодлого алдагдсан гэх мэт олон шалтгаан байдгийн айргийн тавд шагнал урамшуулалттай холбоотой шалтгаан ордог юм билээ. Монголын эзэнт гүрэн сулраад л ирэхийг нь далимдуулаад өмнө зүгт хүчирхэгжсэн манжууд янз бүрийн хан, ван, ноён тайж, захирагч гээд түмэн янзын цол хэргэм шинээр бий болгож монголын ихэс дээдэст өгч эхэлжээ. Гэхдээ их л хорноор өнөөдөр нэгэнд нь нэг цол олгочихоод яг адилхан хэргэм зэрэг угсаа гарвалтай өөр нэг ноёнд арай дөнгүүр цол олгочихно. Аль эсвэл газар нутаг захирах эрхийг хоёр хүнд давхцуулаад олгочихно. Угаас нүүдэлчдийн цусанд байх нэг нэгэндээ үл захирагдах араншин ингээд л сэдэрчихнэ. Тэгээд орондоо орох завгүй, хөнжилдөө унтах сөхөөгүй хөнөөлдөөд тэмцэлдэнэ. Тэр хэрээр хүч чадал нь харина. Манжуудын холын хорон санаа ийнхүү биелэлээ олж баруун зүүн түмэн эрхшээлд нь орсон гашуун түүх нь энэ. Ганц манжийн эзэрхийллийн он жилүүдэд ч биш Хүннү, Уйгар, Кидан гээд л нүүдэлчдийн түүхэнд хүчирхэгжиж байсан олон гүрнүүдийг хавтгайрсан шагнал түүнээс үүдсэн зөрчил маргаан мөхөөсөн сургамжтай түүх ч бий.
.
Шагнал урамшуулалд хандах бидний хандлага энэ олон зууны туршид нэг их өөрчлөгдсөнгүй. Харин ч социализмын үед бүүр сэдэрсэн гээд хэлчихэд хилсдүүлэг болохгүй. Орох орон оочих аягагүй хэрнээ ганц хуудас талархлын бичиг, одон тэмдэг нь амьд яваа насных нь утга учир болдог болтлоо дордсон эрүүл бус тогтолцоогоор дал гаруй жилийг өнгөрүүлсэн. Өнөөдөр төрийн дээд одон медаль гэхэд 30 гаруй, яам агентлагийнх 250 гаруй за тэгээд салбар, аж ахуйн нэгжүүдийн шагналыг тооцоод үзэх юм бол хэдэн мянгад хүрнэ.
.
Шагнал хавтгайраагүй ээ гэж хэн ч надтай маргахгүй байх гэж бодож байна. Хийсэн юмтай, хэлэх үгтэй хүнд шагнал өгөхөд яагаад болохгүй гэж. Тийм ээ болно. Гэхдээ л улаан хавтастай үнэмлэх, одон тэмдэг гучийг зүүлээ гээд тэр хүн хөдөлмөрөө үнэлүүлж байна гэвэл юу л бол. Шагнаж чадаж байгаа юм бол хөдөлмөрийг нь хэн нэгэн нь үнэлж байгаа л юм бол амьдрал ахуйд нь тус нэмэр болохуйц хөрөнгө мөнгийг давхар олгож байх учиртай. Тэгж гэмээн шагнал нүдээ олж, шагнуулж байгаа хүндээ ч шимтэй болохсон. Төрийн дээд шагналыг дагалддаг мөнгө нь дээд талынх нь 100 мянга төгрөг. Харин шагнуулсан хүн одонгийн найраа хийх гэж хоёр гурван сая төгрөг гарлагаддаг. Бодит байдал дээрээ төрөөс шагнуулсан биш төрдөө шийтгүүлсэн болж таарч байгаа биз дээ. Олон улсын тэмцээн уралдаанаас монголчууд гранфри, алт мөнгөн медалийг нь аваад ирэхээр цөөнгүй хэдэн саяар шагнадаг. Ядаж л найр наадам хийх мөнгийг нь төр өгчихөөд байна. Харин Монголын төр өөрийнхөө гавьяатнуудаа шагнах биш шийтгээд өнгөрдөг ийм хачин тогтолцооноосоо хэзээ салах вэ. Шинэ Ерөнхийлөгч ч энэ төрийн араншингаас салж чадсангүй. Баахан хүн л шагналаа. Дандаа хийж бүтээсэн юмтай сайн сайхан хүмүүс. Энгэрт нь хэдэн төмөр зүүгээд гар барьсан болоод л өнгөрлөө. Өнөөдөр тэд маань одонгийнхоо найраа хийх хэдэн цаасыг яаж олох вэ гээд толгойгоо гашилгаж суугаа. Шагнуулах нэг хором шаналгах хэдэн сар жилийн шийтгэлтэй тэнцэхийн гашуун үнэнийг тэд туулж яваа.
.
Шагнал хэт хавтгайрсан талаар хүн бүхэн л ярьж байгаа болохоор энд дахин нурших нь илүүц биз ээ. Хавтгайрсан шагналынхаа төмөр одон медалийг хийх гэж улсын төсөвт ч хүндрэл бэрхшээл учруулж болохоор байгаа. Өө төдхөн цаасны хөрөнгө шаарддаг юм гээд хээвнэг ярьж суугаа төрийн түшээтэй таарч явлаа. Хэдхэн жилийн өмнө Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор бараг толгойтой хүн болгон шахуу ойн медаль, шагнал урамшуулал хүртсэн. Түүнд хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн гээч. Ойн арга хэмжээнийхээ төсвийн 10 хувийг. Хэдэн тэрбумаар төсөвлөсөн хөрөнгө мөнгө гээд бодохоор ямархан их хэмжээний хөрөнгө мөнгө болохыг төвөггүй тооцоолж болно.
.
Ганцхан жишээ л энэ. Тэгж их хүнээ шагнах гээд байгаа юм бол чанартай чансаатай цөөн хэдэн шагналаа үлдээгээд чанартай чансаатай хэдэн хүнээ л шагнаж байя. Өөхөнд ороовч нохой тоож үмхэхгүй, өвсөнд боовч үхэр тоож шиншихгүй юм хийсэн энэ хэдэн нөхдүүдийг онгиргохоо больё л доо. Одоо сүүлдээ бүр байчихаад Соёлын тэргүүний ажилтны дээр суулаа гээд найран дээр ахмад настай уран бүтээлч нэгэндээ агсам тавьж байна. Аан би урлагийн гавьяат болчихсон нэг дуу дуулахад сая төгрөг. Мөнгөө өгчих тэгээд дуулья гэж ханхалзах залуухан гавьяат. Үгүй энэ чинь одоо юу болж байна аа. Аархуулах гэж, мөнгө олуулах гэж төр одон медаль хүртээдэг болж байна уу. Олон түмэнд ингэж л ойлгогдож байна шүү дээ.
Нөгөө талаа улсын төсөвт ч халгаатай юм. Улсын төсөв гэдэг чинь мануусын татвараас бүрддэг болохоос биш хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэй халааснаасаа гаргачихдаг эд биш. Бид дундаасаа үнэхээр чадалтай чансаатай хүмүүсээ шагнаж урамшуулаад ирээдүйд хийж бүтээх нөхцөл боломж амьдрал ахуйг нь сэвхийтэл нь биш юм аа гэхэд хэсэгтээ л санаа зовнихооргүй хөрөнгө мөнгө дагалдуулаад өгчихмөөр байна шүү дээ.
.
Энэ дашрамд дурдахад, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид сүүлийн үед төр засгаас их шагнуулдаг болжээ. Энэ бол байж болшгүй бүдүүлэг зүйл гэж би боддог юм. Хэвлэл мэдээллийн салбар бол төрөө хянах ёстой ардчилсан нийгмийн хамгийн хүчтэй засаглал байх учиртай. Гэтэл нөгөө хянах ёстой нөхдүүдээ сайн хянаж байна шүү гээд өхөөрдөөд байгаа юм уу, муу хянаарай гээд тал засаад байгаа нь мэдэгдэхгүй баахан л шагнал гардууллаа. Арай ч боломгүй шүү. Ядаж л энэ салбарын дөрөв дэх засаглалын ажлыг төр хянаад эхэлбэл ардчилсан нийгэм байгуулах гэж хорин жил зүтгэхийн хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Зүй нь сэтгүүлчдийн хөдөлмөрийг салбарын холбоод нь үнэлж, томоохон шагнал урамшууллыг нь Олон улсын сэтгүүлчдийн холбоо, хүний эрхийн томоохон байгууллагуудаас хүртээдэг. Энэ бол ардчиллыг хамгаалах хоточ нохойны үүргийг сайн гүйцэтгэжээ, хүний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг сайн хангажээ гэдгийг нь үнэлж байгаа гэдэг утгаараа томоохон үнэлгээ дүгнэлт ч болдог. Гэтэл манайд үүний яг эсрэгээр.
.
Төрийн шагнал урамшуулал ийнхүү улам бүр утга учраа алдлаа. Нүдээ олоогүй шагнал, шийтгэл болсон шагналын тогтолцоо, утгаа ойлгоогүй шагнал. Шинэ Ерөнхийлөгчийн имидж, Ардчилсан гэх тодотгол, бас нэг нь шударга байх зарчим. Одоо л энэ бүхнийг өөрчилж үнэ цэнтэй, утга агуулгатай, нүдээ олсон гэх тодотголыг шүүмжлэлийнхээ өмнө ямагт дурдуулдаг төрийн шагналын тогтолцоог буй болгомоор байна. Өмнөх Ерөнхийлөгчдийн алиных нь хийж чадаагүй, магадгүй хүсээгүй байж болох энэ алхмыг хийж чадвал түүхэнд нэрээ үлдээж, шагналын эргэн тойронд үүсдэг атаа жөтөө, гоморхол уйлагнаан, утга учиргүйдэлт үгүй болох биз ээ.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ