Галд өртсөн айлын хохирлыг хэн барагдуулах вэ...
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон хороолол”-ын 41 дүгээр байранд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ны өдөр гал гарч, тус байрны гадна өнгөлөгөө шатсан хэрэг гарсан. 17.30 цагийн орчим тус байрны дөрөвдүгээр давхрын тагтан дээрээс эхлэн гал гарч, эгнээгээрээ дээшээ шатаж, нэг айл руу гал нэвтэрч, өөр нэг айл нилээдгүй хохирч үлдсэн гэнэ.
Манай сурвалжлах баг “Орчлон хороолол”-ын 41 дүгээр байрыг зорин очиход галд өртсөн зүүн хэсэгт туузаар хаалт хийж, “Дээрээс шил унах аюултай тул үүгээр гарахыг хориглоно” гэсэн бичээс байршуулсан байлаа. Оршин суугчдын хэлснээр 2010 оны сүүлээр ашиглалтад орсон, 96 айлын орон сууц бүхий тус байранд гал гарах үед хүүхэд хөгшид нийлсэн 40 гаруй иргэн байсан аж. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид утаажилтын бүсээс гаргаж чадсан гэнэ. Харин галыг унтраахаар ирсэн онцгой байдлынхан өргөгч шатаа хүлээж багагүй цаг алдсан талаар иргэд шүүмжилж байсан.
Галын улмаас нэг айл хамгийн их хохирол амссан. Найман давхарын тэр айлд тухайн үед хүн байгаагүй, одоо ч хүн ирээгүй юм шиг байна лээ хэмээн иргэд хэлж байв. Тиймээс найман давхарын гал өртсөн гэх айлыг заалган дотогш ороход орцонд хиншүү хярвасны үнэр нь ч арилаагүй байв. Найман давхарт гарахад галд өртсөн айлыг олох гэж зовсонгүй, хаалгыг нь салгачихсан гаднах цонхоор гэрэл орж байгаа ч дотроо хав харанхуй. Галын дүгнэлт удахгүй гарч, гал юунаас болж ассан, хэн буруутай гэдэг нь тогтоогдоно. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөөсөнцөр ашиглах болж, галд тэсвэргүй хөөсөнцөрөөр дамжин ассан гал энэ айлд бүтэн юм юу ч үлдээлгүй хуйхалж орхисонд үнэхээр хэлэх үг олдохгүй, харамсах сэтгэл төрж байснаа нуух юун.
Уг нь олон улсын хэрэглээнд хөөсөнцөрыг барилга орон сууцны дулаалганд ашиглахыг хориглоод эхэлсэн гэдэг. Гэтэл манайд хөөсөнцөр хавтангаар барилгын дулаалгад ашигласаар л байна. Магадгүй өөр газар энэ мэт гал гарч, ямар хохирол дагуулахыг таах аргагүй.
Ямартаа ч, өнөөдөр “Орчлон констракшн”-ы зүгээс тус байрны шатсан хэсгийг дахин засварлаж, сэргээх ажил эхлэх юм билээ. Байшингаа ч яахав ингээд сэргээчихдэг юм байж. Хөөсөнцөрөөр дуулаалга хийснээс гал гарах нөхцлийг бүрдүүлсэн буруутан хэмээн “Орчлон констракшн”-ыхан тус айлын хохирлыг барагдуулж өгөх болов уу. Энэ талаар тус компанитай хэд хэд холбогдож тодруулахыг хүссэн ч хариулт өгөх хүн олдсонгүй, сүүлдээ утсаа факс дээрээ тааруулчихаад таг чиг.
Мэдээж галын дүгнэлт гарсаны дараа хэн буруутай, галын улмаас хохирсон айлын хохирлыг хэрхэн барагдуулах вэ зэрэг асуудлууд яригдана. Гэвч үнэндээ манай улс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудалд үнэхээрийн хойрго ханддаг. Тиймээс холбогдох албаныхан барилгын салбарын шинэчлэлийг хөөсөнцөр хавтанг дулаалганд ашиглахгүй байхыг хуульчилах хэрэгтэй. Эс тэгвээс хөөсөнцөр хавтанг ашиглаж орон сууц, албаны барилга баригдсаар л энэ мэт хэлж ирдэггүй галын аюул нүүрлэж дахин хичнээн хүнийг хохироохыг таах аргагүй болжээ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ