“Гэрт зүгээр суудаг үе ард үлдсэн”
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд "Оролцоог бодит болгоё" үзэсгэлэн өнөөдөр "Улаанбаатар- бизнес хөгжлийн төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвөөс зохион байгуулж байгаа юм. Харин үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлэээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд санхүүгийн дэмжлэгт хамрагдан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, хамтран аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад нэгдэн хамтдаа ихийг хийж бүтээснийг энэхүү үзэсгэлэнгээс харж болох ажээ.
Үзэсгэлэнд оролцогчид өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээсэн бүтээлүүдээ олны хүртээл болгон танилцуулах үеэр “Төр засгаас хөдөлмөр эрхлэх боломж олгож байгаад маш их талархаж байна. Гэрт зүгээр суудаг үе ард үлдсэн. Одоо хийж чадна гэсэн бүхнээ хийж, түүнийгээ худалдаж, орлогоо нэмэгдүүлэх боломж байна” хэмээн өгүүлсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр анхаарал татсан нэгэн бүтээл байсан нь хэлний бэрхшээлтэй иргэд хувиараа урласан гэх жимсний болон чимэглэлийн мод байв.Тэд энэхүү хиймэл моддыг албан байгууллага, өрөө тасалгаанд зориулан бүтээсэн. Нэг модоо 120 мянган төгрөгөөр үнэлдэг гэнэ. Мөн энэ үеэр хараагүй иргэдийн “Цагаан шөнө” хамтлаг хүрэлцэн ирж, оролцогчдод ая дууны бэлэг барьсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс ямар нэгэн байдлаар тусгаарлагдаж, нийгмийн бусад гишүүдийн үл тоомсорлол, боломж, чадавхыг нь үгүйсгэх хандлагын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зөрчигддөг. Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэнээс дутахгүй чадалтай, чадвартай хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдаг гэдгийг батлан харуулав.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ