
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагч гишүүн Р.Бурмаагийн танилцуулгыг сонслоо. Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д зааснаар нам нь Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл бөгөөд сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу сонгуульд нэр дэвшүүлж, сонгуулийн үр дүнд байгуулагдах байгууллагад олонхийг бүрдүүлэн, улс төрийн мөрийн хөтөлбөрөө улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл нам нь нийтийн эрх зүйн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг субьект бөгөөд намын бодлого, шийдвэр нь улсын болон орон нутгийн хэмжээний шийдвэр болж хэрэгжих боломжтой байдаг.
Энэ утгаараа тухайн намыг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон, түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон намын гишүүн нь намынхаа төв болоод орон нутгийн байгууллагын удирдах байгууллагад зайлшгүй гишүүнчлэлтэй байж, тухайн намын бодлого, шийдвэр гаргахад оролцож байх шаардлагатай. Түүнчлэн нам нь бие даасан хуулийн этгээдийн хувьд дотооддоо асуудлаа шийдвэрлэх эрхтэй хэдий ч хууль зөрчин намын гишүүний буюу Монгол Улсын иргэний эрхийг зөрчвөл эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа намын гишүүн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 9 дэх заалтыг өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан тухайгаа тэрээр танилцуулгадаа дурдав.
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар нар Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлын талаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа үед хуульд жижиг өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, төслөө татаж авч болохгүй юу гэдгийг тодруулахад төсөл санаачлагч гишүүн Р.Бурмаа “УИХ болон орон нутгийн иргэдийн хуралд суудалтай намуудын бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, хариуцлагыг сайжруулах чиглэлээр зохицуулалт хийхээр төсөлд тусгасан. Энэ бол зарчмын шинжтэй асуудал. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудал ойрын үед шийдэгдэх боломжгүй нь харагдаж байгаа учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд намын бодлого, шийдвэрийг уяж өгөх зайлшгүй шаардлагын үүднээс хуульд ийм өөрчлөлт оруулахаар хэрэгтэй байгаа юм” гэсэн хариулт өгөв.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлсэн гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, М.Батчимэг нар төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол гишүүн Н.Батцэрэг улс төрийн намыг институцийн нь хувьд бэхжүүлэх нь чухал боловч төсөл нь намуудын дүрмээр зохицуулаад явж болох асуудлыг хуульчлах гэж буй нь зохисгүй юм. Хуульд зайлшгүй ийм өөрчлөлт оруулах шаардлага одоогоор харагдахгүй байна. Тиймээс төслийг татаж аваад том хүрээнд хийх өөрчлөлттэй хамт оруулж ирэх нь зөв юм гэсэн байр сууриа илэрхийлэв.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 63 гишүүний 34 нь буюу 54 хувь нь дэмжээгүй учраас төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар боллоо
гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ