Лондон хотноо зохион байгуулагдсан WTM үзэсгэлэнд оролцжээ

img

БОАЖЯ-ны өнгөрөгч долоо хоногийн үйл ажиллагааны онцлох мэдээний хураангуйг хүргэе. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн эхний үе шатыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг,    Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох асуудлыг  тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Экологийн татварын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулахаар ХЗДХЯ-нд, цөлжилттэй тэмцэх болон усыг эргүүлэн ашиглах талаар цөм технологийн санал боловсруулан БСШУЯ-нд тус тус хүргэсэн байна. “Ахуйн шавж мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх химийн бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам", “Химийн хорт болон аюултай бодсыг экспортлох, импортлох хил дамжуулан тээвэрлэх үйлдвэрлэх худалдах журам”-ын төслийг эцэслэн боловсруулж, холбогдох яамд, газруудаас санал авсан байна. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан, одоо хэрэгжиж байгаа тодорхой зүйл амьтдыг хамгаалахад чиглэгдсэн (ирвэс, бөхөн, тул загас зэрэг) үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацааг судлан тогтоож, сайдын тушаал гаргажээ. БОАЖЯ-наас иргэдэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулга авах ажлын тухай сайдын тушаал гаргасан байна. Зайсанд зориулалт өөрчилсөн иргэн, аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тавих асуудлаар ажлын хэсэг байгуулан анхны хуралдаан хийжээ. Европын холбооны стандарт нутагшуулах ажлыг судлан хэрэгжүүлэх болон ажлын хэсэг байгуулсан байна. Аюултай хог хаягдал шатаах зуухнаас агаарт ялгарах хаягдлын стандарт боловсруулах ажлын хэсгийн хурал зохион байгуулжээ. Мөн Лондон хотноо зохион байгуулагдсан WTM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцсон байна. НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комиссын дэмжлэгээр хэрэгжиж байгаа "Зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг турших нь" төслийн хүрээнд БНСУ-аас ирүүлсэн  зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээн авчээ. Төвийн бүсийн хамгаалалтын захиргаадын 70 гаруй хүн оролцсон 3 хоногийн сургалт зохион байгуулжээ. Даян Дэлхийн Ногоон өсөлтийн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй БОАЖ-ын сайд Л.Гансүх уулзалт хийв. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Дурбан хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 17-р бага хурлын Дээд хэмжээний уулзалтад оролцох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.  “Уур амьсгалын өөрчлөлт ба хөдөө аж ахуй, ойн салбар” сэдэвт олон улсын бага хурлын бэлтгэл хангажээ. Аймгуудын цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг 2011 оны 12 сарын 5-7 явуулахаар товлон бэлтгэл хангасан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ