Олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд шилжих яасан бэ
МАН засгийн эрх барьж байхад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд олигархийн засаглалаас олон нийтийн засаглалтай нээлттэй компанийн тогтолцоонд шилжинэ гэж мэдэгдсэн. Түүний дараахан “Петровис” компани Ухаа худагийн 11,4 хувийн хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 85 сая ам.доллараар зарж орхисон. Дараа нь бас “Голомт” банк 5,02 хувиа 212,2 тэрбум төгрөгөөр Голландын “Трафигура” компанид өгчихсөн. Харамсалтай нь дандаа гадаадын компаниудын мэдэлд очиж, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд маань монголчуудаа голов. Тэд хувьцааныхаа тал хувийг ч болов нээлттэй болгож, ард түмэндээ эзэмшүүлэхийн оронд түрийвчээ түнтийлгэсэн нь шударга явдал уу. Энд Аристотелийн нэг үгийг сануулахад “Шударга ёсыг эзэмдэх нь зөвхөн өөртөө төдийгүй бусдад ч сайн үйл хийхэд түлхэц өгдөгт шударга ёсны төгөлдөр шинж оршдог” гэсэн билээ. Шударга ёсны шаардлагаар “Мобиком”, “Скайтель”, Эрдэнэтийн уулын баяжуулах комбинат, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон компаниудын хувьцааны талаас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй болгох ажлыг шил дараалан эхлүүлэх цаг нэгэнт болжээ. Ийнхүү олон нийтийн засаглалтай болгохгүй бол эрх баригч намын гишүүдийн удирдлагатай компаниудын бизнес цэцэглэж, сөрөг хүчний талд багтсан нь татварын дарамт, мэргэжлийн хяналтынхны шахалт зэргээс элгээрээ мөлхөхөд хүрч, эцэст нь олон түмэн юу ч олж долоодоггүй нь нууц биш ээ.
6
Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсөхөд хазаар алга. Улс орны эдийн засаг 17 хувийн өсөлттэй байхад ард түмний амьжиргаа 1,7 хувиар ч дээшилсэнгүй. Олигархиуд баялгийг цөлмөж, эрхтэн дархтан нь эрх мэдэлгүйгээ дарлаж, баян нь ядуугаа хоосруулж байна. Түлш шатахууны хувьд гадаадаас 100 хувь хараат Монгол дэлхийд нүүрсний нөөцөөрөө айргийн тавд жагсч байгаа. Гэтэл Тавантолгойн нүүрсийг гадаад зах зээлд 50 ам.доллар болтол унагаж, валютын ханшны зөрүүн дээр ченжүүд халаасаа зузаалсаар байна.
5
Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээр “Петровис”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг гарын таван хуруунд багтах компаниуд ноёрхлоо тогтоож, түлш шатахууны үнийг хүссэн үедээ үгсэн хуйвалдаж нэмдэг гаж зуршил өргөн хэрэглээний барааны үнийг хөөргөдөж, улмаар нэмэгдсэн үнэ хот хөдөөгүй царцдаг. Энэ бол монополь компаниудын зоргоороо ажиллагаа олны амьжиргаанд хүндээр нөлөөлдгийн бодит жишээ. Цаашилбал АПУ, “Спирт, бал бурам”, “Алтан тариа”, “Талх чихэр” зэрэг үндэсний томоохон компаниуд хувьцааныхаа дөнгөж тав зургаахан хувийг Хөрөнгийн биржийн арилжаанд оруулж, өөрсдөө авсан, зарсан дүр эсгэж, хувьцааныхаа ханшийг үзэмжээрээ тогтоож байдгийг учир мэдэх цөөхөн хүний хүрээнд л гадарлаж байдаг. Уг нь цөөхүүлээ ихээхэн хэмжээний ашиг хүртэж буй тэдний хувьд ард иргэдэд аль болох ахиухан хувьцаа эзэмшүүлж, олон нийтийн нээлттэй засаглалд шилжих цаг нэгэнт болсныг орчин цагийн “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцсэн”-ээс харж болно. Улс төрийн ардчилал нь иргэдэд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ч эдийн засгийн ардчилал үнэхээр үгүйлэгдэж байна. Ерээд оны их өмч хувьчлалаар 475 үйлдвэр, заводыг ард түмний мэдээлэл хомс байдлыг далимдуулан хувьчилж авсан гучаад гэр бүлийнхэн өнөөдөр илт хөрөнгөжжээ. Ер нь ерээд оноос хойш өрнөсөн Монгол Улсын өмч хувьчлалын аль ч хэлбэр нь нийгэм дэх эрүүл бус сэтгэлгээг гааруулж, нийгмийн баялгийн зүй бус хуваарилалтын сонгодог жишээг харуулж байна.
6
Ард түмнийг Тавантолгойн хувьцаа, 100 мянган айлын орон сууцны зургаан хувийн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр хуурч, хулхин дээр нь том улаан арнай ургуулсан хэвээр байна. Уг нь мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх хэмээн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтын 59 дүгээр тогтоолд заасан. Мэдээлэлтэй иргэд хүчирхэг байдаг. Бид төр нь иргэндээ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Ард түмэн хуурамч амлалтад тэснэ тэснэ гэхэд үүнээс цааш тэсэхгүй л болов уу. Учир нь парламент, гүйцэтгэх засаглалын цалгар назгай байдалд нийтээр дургүйцэх боллоо.
6
Төр, засгаас орон сууцыг хувьчилсны дараа иргэдэд газрыг өмчлүүлэх шийдвэр гарч, одоо 10 хүрэхгүй хувьтай их л хойрго хэрэгжиж байна. Гэтэл хотод газрын үнэ тэнгэрт хадаж, газрын наймаа гаарч байдаг. Хот суурин газрын нэг иргэнд 0,07 га өмчлүүлэх хуулийн дагуу бол Монголын хүн ам 27 саяд хүрсэн ч газар нутгийн дөнгөж нэг хувь эзэнтэй болох юм гэсэн. Хувьчлалаар компенсаци буюу нөхөн төлбөр хийх нь нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэгтэй. Тэгвэл мянган толгой малаа нэгдэлд нийгэмчилсэн өвгөний өв залгамжлагч үр сад өмч хувьчлалаар өнчин ишиг ч авч чадаагүй бол өнөөдөр газар өмчлүүлэх ажлыг компензаци маягаар явуулахыг шаардаж яагаад болохгүй гэж. Ийнхүү газар хувьчлалыг нөхөн төлөөс буюу компенсацитай хослуулж хийх нь, нэгдүгээрт иргэдийн амьдралд, хоёрдугаарт төрийн нэр хүндэд, гуравдугаарт нийгмийн шударга ёсны үнэлэмж нэмэгдэхэд чухал нөлөөтэй хэмээн зарим судлаач үзэж байна.
6
Монголын газрын баялаг, манай нутаг дэвсгэр дээр босгосон ашиг ард түмний амьдралд үр өгөөжөө өгөхгүй байна. Уул уурхайн компаниуд хувьцаагаа Хонконг, Торонто, Нью-Йорк, Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалж, гадаадынхны хүртээл болгож байна. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах эрх зүйн орчин тун ядмаг. Хувьцаа эзэмшихэд монголчуудын бэл бэнчин хүрэлцдэггүй. Энэ цоорхойг бөглөхийн оронд манай томчууд гадаадынхны гар хөл болсоор байхад УИХ-ын олонхийн санаачлагагүй, цалгар назгай байдал нь баян, ядуугийн ялгааг улам гааруулав. Ер нь ийм эрүүл бус нийгэмд дээд, доод төвшний хоёрхон давхрага үүсч, дундаж хэсэг алга болдог ажээ. Түүнчлэн нийгэм бүхэлдээ улс төрийн тэмцлмйн талбар болж хувирах нь дараагийн шат болдог байна. Өнөөгийн Монголын нийгэмд аль аль нь нүүрлээд байгааг өчигдөр өнөөдрийн өнгө төрхөөс харж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг олигархийн эсрэг тэмцэл нэгэн талаар тодорхойлох учиртай.
6
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ