АН-ын бүлэг сонгуулийн хуулиар маргахгүй гэв
УИХ дах Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдааны эхэнд намын бүлгээр Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль, түүнийг дагаж гарсан хуулиуд, 2012 оны мөнгөний бодлого зэрэг асуудлаар ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон ажээ.
Хоёр баримт бичгийг нэгтгэж, Мөнгөний бодлого, Төсвийн тухай хуулиа аль алийг нь дэмжиж , уялдуулан ажиллахаар болов. Харин хуралдааны төгсгөлд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцээд хэд хэдэн зарчмын шийдэлд хүрсэн байна.
Тухайлбал, сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах УИХ-ын тогтоолыг Сонгуулийн хуультай хамт батлах ёстой гэдэг санал нэгджээ. Мөн парламентад суудалгүй намуудын зүгээс Сонгуулийн тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа асуудлуудыг судалж, тэдгээр намын төлөөлөлтэй уулзах чиглэлийг бүлгийн Ажлын хэсэгт өгчээ.
Хоёр намын бүлэг тохиролцоонд хүрсэн хувилбараар сая гаруй хүн амтай нийслэлийн төлөөлөл чамлалттай байгаа ч сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, шинэ хууль батлах хүсэл эрмэлзэл АН-ын бүлэгт бий учраас энэ удаа тоон дээр маргахаа болихоор шийдсэн гэнэ.“Улаанбаатарын төлөөлөл чамлалттай байгаа нь үнэн. Гэхдээ өмнө нь хоёр мандаттай байсан аймаг нэг мандаттай болох хандлага байгаа.
Нийслэлд мандат нэмнэ гэхээр аймгуудын мандатаас хасах болоод байна. Ер нь тоо яриад эхэлбэл хуулиа хугацаанд нь амжиж батлах эсэхэд хүрнэ. Хуулийн төслийг хэлэлцэж батлах бодит шаардлага байна. Харин эмэгтэйчүүдийн квот, намуудын босго зэргийг Ажлын хэсгийн хурлын явцад хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх бололцоотой” гэж бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ.
“Нэр дэвшигчийг гүтгэсэн улстөрч биш дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт хэр шударга вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хариуцлагын тогтолцооны талаар нэлээн хөндөгдөж байна. Энэ асуудлыг эргэж ярих бололцоотой” гэсэн бөөрөнхий хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ