
Монголын залуучуудын холбооноос залуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэж, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой “Залуучуудын хороо”-дыг байгуулж эхэлсэн. Өнгөрсөн 2012 оноос эхэлсэн энэхүү арга хэмжээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын тодотголтой хороодод Залуу сэтгүүлчид нэгдэж, бүл нэмжээ. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд гаргахад залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг мэргэжлийнх нь хувьд хөгжих, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслаж дэмжих, мөн тэдний дуу хоолойг олон нийт, шийдвэрлэх түвшинд хүргэх зорилгын дор “Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г албан ёсоор байгуулснаа зарласан юм. Тавдугаар сарын 03 буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэгдсэн залуу сэтгүүлчид цаашид хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийх, өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг эрж хайх, эрхээ хамгаалах, нэгдсэн дуу хоолойгоор салбартаа байр сууриа илэрхийлэх, түүнчлэн өөрсдөдөө болон мэргэжил нэгт нөхдөдөө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гарц хайх зэрэг томоохон ажлуудыг хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа хэлсэн.
“Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г цаашид удирдан ажиллах хорооны даргаар Д.Отгонцагаан (ТВ10 телевизийн мэдээний албаны дарга), дэд даргаар Б.Ширнэн (Нийгмийн толь сонины эрэн сурвалжлах, эрх зүйн албаны дарга) нар олонхийн санал хураалтаар сонгогдсон байна. Тус хороонд мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй 20-35 насны бүхий л залуу сэтгүүлч, нийтлэлчид гишүүнээр элсэн ороход нээлттэй аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ