
Монгол залуусын төлөөлөл болж хүний наймаа хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-ынхан нийгэмд хүчтэй тэмцэл өрнүүллээ. Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 5 буюу өнөөдрөөс эхлэн орон даяар “Хүний наймаа, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө” залуусын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа аж. Тус хөдөлгөөн нь хүний наймааг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгэмд бодит сэрэмжлүүлэг хүргэх, холбогдох хууль тогтоомжыг сайжруулж, үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахуулах зорилготой юм байна. Энэхүү хөдөлгөөнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх хөгжил төв, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Гүнж төв, Ах эгч дүүсийн холбоо ТББ-ууд хамтарч оролцож байгаа юм байна.
Хүн зөвхөн өөрийн биеэр амсаж байж л аливаа зүйлийн хор хөнөөлийг мэддэг, гэтэл нэг л нийгэм дээр амьдарч байгаа бидний хувьд надаас хол тэгж түлхснээр хэзээ ч аюулаас мултарч чадахгүй билээ. Бодит мэдээлэл болоод мэдлэг дутуугаас олон арван хүн өдөр бүр ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, хүний наймааны золиос болсоор байна. Энэ өдөр бид бодит мэдээллийг цогцоор нь хүргэнэ хэмээн тус хөдөлгөөнийг зохион байгуулагч залуус өгүүлж байна. Тухайлбал, манай улсад үйлдэгддэг хүний наймаа, гадаад оронд үйлдэгддэг хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, хүчин, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийн болоод бэлгийн мөлжлөг мөн хүчирхийллийн бүх төрлүүдийн талаар мэдээлэл өгөх аж.
Энэхүү “Хүний наймаа, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө” залуусын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, Барилгачдын талбайн баруун тал, Туул рестораны чанх ард байрлах “Art house” төвд хүчирхийлэл, хүний наймааны сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байгаа юм. Мөн тухайн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай байгууллагууд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хамтдаа гарцыг хайн энэхүү тэмцэлд зөвхөн ТББ биш залуусын оролцоо, иргэдийн оролцоо юу байж болох талаар бодитой саналыг дэвшүүлэн гарын үсэг цуглуулах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ