Бид нохой биш хүн

Таны амьдрал хэр чанартай байна вэ гэж сөргүүлээд асуумаар байна. Амьдралын талбар дээр та хэр чинсаатай байна вэ. Чанартай бараа бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ, чанартай сургалт, чанартай хоолны газрууд ховор байдаг. Харин чанаргүй бөгөөд боломжийн гэж үзэх бараа бүтээгдэхүүн, сургалт, үйлчилгээний газрууд байна уу. Хэрэглэгч та мэдээж мэргэжлийн хүн биш. Үй түмэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сургалтаас хэр чанар чинсаатайг тодорхойлох арга ч байхгүй.
.
Гол нь амьдралаа чанаржуулья чанаржуулахын тулд тэр асуудлыг хариуцсан төрийн албан тушаалтнуудаас нэхэх эрхтэй. Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйнхээ төлөө төрд татвар төлдөг. Тэд энэ л эрх ашгийн маань өмнөөс бидний төлөө үйлчлэх ёстой. Бид эрхээ эдлэхийг хүсч тэд үүргээ биелүүлэхийн тулд л энэ төрийн толгойд суугаа. Ойрын хэдэн өдрийн турш ТВ 8 телевизээр тураалд орсон түлэгдсэн хүүгээ эх нь эмнэлэгт орхиод явсан тухай үзүүлж харууллаа. Нэвтрүүлэг ч хийсэн.
Ээж нь зөвхөн утасны цаанаас л мөнгө олдохгүйн зовлонгоо учирлаж байна лээ. Олон ч хүн хүүхдээ орхисон өөдгүй энэ тэр гээд хараасан л байх. Гэхдээ надад арай өөр өнцгөөс харахсан гэх эрмэлзэл байна. Өөр ч гаргалгаа байна.
.
Энэ бол эрүүл мэндийн салбартай шууд холбоотой. Нийгмийн эмзэг давхаргын хүүхэд эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлж байхад эдгэрүүлээд эдгээчихгүй хувийн эмнэлэг рүү шилжүүлчихдэг. Нөгөө хувийн эмнэлэг нь баахан төлбөр мөнгө нэхээд хүүхдийн эхийг дарамтлаад байдаг. Нөгөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хааччихсан хэрэг вэ. Эрүүл ч бай, эрүүл бус ч бай сар бүр цалин дээрээс минь суутгадаг тэр их мөнгө хаашаа яваад байгаа юм бэ. Эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс эмнэлгүүд завшдгийн далд учир эндээс бэлхнээ харагдаж байна. Өвчин эмгэгийг нь эмчлээд аль гээд хөдөлмөрийн насны хүн бүр цалингаасаа сар бүр мөнгө төлдөг биш бил үү.
Тэр их мөнгийг та аль халаас руугаа хийгээд байна. Сайд аа. Бүрэн гүйцэт эдгэрээгүй үхэл амьдралын дэнсэн дээрх хүүгийнхээ эмчилгээний мөнгөнд тэр эх шар махтайгаа хатаж байна. Жоншин дээр ажиллаж байгаа гэж ярьж байна лээ. Ажил олдсон нь дээдийн заяа. Тэгвэл ажил төрөлгүй эхийн хүүхдүүд шууд авралгүй болж байна уу. Цалин мөнгөө нэмүүлэх болохоор Жанжны талбай дүүргээд л жагсдаг эмч нар яахаараа ядарсан нэгний хүүхдэд алаг цоог ханддаг юм. Тангарагаа өргөсөн эмч хүн шүү дээ.
Хувийн эмнэлгүүдэд төр татаас олгодог. Багагүй хэмжээний шүү. Иймэрхүү эмзэг давхаргынханд яагаад гараа сунгахгүй байна вэ. Сэтгэлийг эхээс нь биш тэднээс нэхэх хэрэгтэй. Энэ олон яагаад гэсэн асуултыг эрүүл мэндлийн салбарынхнаас нэхэхгүй бол нэг л биш ээ.
.
Улс орон хөгжиж байна л гэж ярих. Нэг хэсэг нь хэрхэн доройтож байгааг бэлхнээ харлаа. Тэр олон нийгмийн халамж үйлчилгээ хэнд яаж хүрээд байна вэ. Энэ ядарсан эмэгтэйд л лав биш. Мөнгөгүйн зовлонг мэдэх хүн олон. Ялангуяа хүүхдээ ийм олон сараар эмчллүүлж байгаа, түлээ түлшгүйн эрхэнд гэрийнхээ унийг хүртэл түлж хахир өвлийг давж байгаа, идэх хоолгүйн эрхэнд нохойтой булаалдан байж яс цуглуулж борог шөл үр хүүхэддээ оочлуулж байгаа мянга мянган эцэг, эх бий.
Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 35 дахин ихэссэн ДНБ-ий хаялга тэдэнд огтоос хүртээлгүй юм гэж үү. Тэгвэл яагаад.. Эцэст нь мэргэжил нэгтнүүддээ хандаж “Үр хүүхэд тань өвдөж зовоод мөнгө олдохгүй, та ажилгүй байсан бол, эмчилгээний мөнгө нь нэхэгдээд байвал яах вэ” гэж асуумаар байна. Ямар учир шалтгаантайгаар эх нь хүүгээ орхиод явсан юм, асуудал хаана байна вэ гэдгийг тунгаахын оронд хөөрхий эхийг шууд буруутгаад эхэлдэг. Телевизээр ах дүү хамаатан садан, найз нөхөд, атаатан живтэн бүхэн үзэж л суугаа. Нэрийг нь хугалж гүйцлээ дээ.
.
Нийтлэлийнхээ эхэнд чанарын тухай ярьж байгаад яагаад хазайчихав гэж та бодож магад. Энэ бол хүн байх чанар. Хүн байх чанарыг маань бүрнээ алдагдуулж байгаа манай нийгмийн гажуудал юм. Бид ч чинь нохой биш хүн шүү дээ. Орчин цагийн хүний хэрэглэх хэрэглээ, үйлчилгээ бүхнийг хүртэх эрхтэй.
Зөвхөн эрүүл мэндийн салбарт ч биш шүү. Хүний хүүхдийг тийм ч ийм ч мундаг боловсролтой болгоно гэж хуурч суулгачихаад дөрвөн жилийн харанхуй хэвээр нь гудамжинд лааз өшиглөхөөр биш түүлгэхээр гаргаж байгаа боловсролын салбар ч үүнд хамаатай. Чанар стандарт гэдэг том ойлголтын ганцхан жишээг задлахад иймэрхүү л төрх буугаад бухимдуулах юм даа.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ