
Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус наадмыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар судлал төв”, Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Наадмын хоёрдугаар шатанд 25 яруу найрагч шалгаран үлдсэн. Яруу найргийн наадмын шүүгчдийн дүн гарахад яруу найрагч Г.Баяр тэргүүлж, яруу найрагч Р.Улам-Оргих, Ө.Үлэмжтөгс, Г.Мөнхбаатар нар удаах байрт шалгарчээ.
Дашрамд дуулгахад, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсныг дурсах “Тэнгэр шиг бай” уран бүтээлийн цэнгүүн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно.
Энэхүү цэнгүүнд Монгол Улсын ардын жүжигчин Д.Самбуу, П.Цэрэндавга Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин С.Дашдондог, Д.Жагдаг, соёлын тэргүүний ажилтан Ш.Бямбацогт, “Мотив” хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм.
Уг тоглолтыг түүний охин Д.Индра санаачлан “Дашбалбар”, “Харчу” энтертайнмент хамтран зохион байгуулж байгаа аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ