
Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдрийн барилдаанаас манай тамирчид таван медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг- ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон нар мөнгө, 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа хүрэл медаль хүртэж Бакугийн татамид шилдэг гэдгээ нотоллоо.
Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгох шинэчилсэн дүрмийн дагуу “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчинд 500 оноо олгох болсон. Харин мөнгө, хүрэл медалийг 300, 200 оноо тус тус дагалдаж байгаа юм. Тиймээс 66 кг- ын жинд өдгөө дэлхийн чансааны гуравдугаарт 1130 оноогоор бичигдээд буй
ОУХМ Д.Төмөрхүлэг “Их дуулга”- ын аварга болсноор жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлэхээр болж байна. Хэдхэн хоногийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, чансаандаа 300 оноо нэмсэн тэрбээр “Их дуулга”-д түрүүлснээр чансаагаа 500 оноогоор ахиулж буй юм.
Бакугийн “Их дуулга”-ын хоёр дахь эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78 ба +78 кг-ын жинд аваргууд тодорно. Эдгээр жинд Монголын тамирчдаас О.Ууганбаатар /81 кг/, Э.Энхбат /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр, Б.Сугаржаргал /+100 кг/ болон О.Жавзмаа /+78 кг/ нар барилдах аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ