ХЗХ-дын эд хөрөнгийн зарцуулалтыг эргэн харах шаардлагатай гэв
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг fөнөөдөр хуралдаж, Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын асуудал, Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонссон байна. Эвслийн гишүүд эргэн төлөх нөхцөлтэйгээр хохирол барагдуулах тухай хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг ярилцсан байна. Хохирол барагдуулах асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ.
Хохирол барагдуулах чиглэлээр улсын төсвөөс 36 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр олгосон байна. Харин үүнээс эргэж төлөгдсөн нь ердөө 11 тэрбум төгрөг гэнэ. Зөвхөн хадгаламжтай иргэдээс гадна улсын төсөвт хохирол учирсан учраас хадгаламж зээлийн хоршоод дампуурсан хэргийн дараа эд хөрөнгийг хадгалсан, зарцуулсан асуудлыг эргэн харах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн Эвслийн гишүүдийн зүгээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. Ер нь чадварлаг, цомхон багаар төрийн ажлыг хийхийн тулд хууль, эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай талаар ярилцсан байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид “Шударга ёс” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэзээ тодруулах вэ” талаар асуусан. Тэрээр “Хоёр намын зүгээс сонгуулийн хуулийн хугацаанд хуралдаж, асуудлаа шийдвэрлэнэ. Ойрын үед хоёр намын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, ямар хөтөлбөр дэвшүүлэн ажиллах талаараа хуралдаж, шийдвэрлэнэ” гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ