
Аж амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорих Монгол иргэдийн тоо жил ирэх тусам л нэмэгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 27 мянга орчин Монгол иргэн ажиллаж амьдарч байна. Гэтэл гэр бүл, эх орноосоо хол байгаа тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг зөвхөн хувь хүн хэмээн орхигдуулдаг.
Монгол улсын Засгийн газрын 2012оны 10 дугаар сарын 13–ны өдрийн 94 дүгээр тогтоол, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны арванхоёрдугаар сарын 03–ны А/74 дүгээр тушаалын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн байгуулсан.
Тус төв байгуулагдсанаар Монгол Улс өөрийн иргэнийхээ нийгмийн асуудлыг шийдэж, төрийн хамгаалалтыг сайжруулах орчин нөхцөл бүрдэж байгаа аж. Тэгвэл өнөөдөр БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нээлтийн ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа болон БНСУ дахь Монгол улсын элчин сайд Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцсон байна.
Тус төв нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвөлгөө өгөх аж. Ер нь харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн нийгмийн асуудал орхигддог. Энэхүү Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийг Монгол улсын Тэтгэврийн даатгалд хамруулах, БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй байх талаар лавлагаа мэдээллээр хангах юм. Түүнчлэн БНСУ-д амьдарч байгаа Монгол иргэдийг сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн БНСУ –ын үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийг буцаан олгох, шимтгэл төлж байсан хугацааг нь Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаагаар тооцож шилжүүлэн даатгах, заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулдаг юм байна.
Харин тус төвийн Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын алба нь монгол иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлж, Монгол улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомж болон БНСУ-ын хүн ам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суухтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр иргэдийг хангадаг.
Иргэдэд нийгмийн асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлж шаардлагатай тохиолдолд иргэдийг дэмжих төрийн болоод төрийн бус байгууллагынханд холбон зуучлах чухал үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. Мөн Нийгмийн халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бусад байгууллагуудыг холбох, харилцаа холбоо тогтоох, Нийгмийн хамгааллын чиглэлээр сургалт, судалгаа явуулах үйл ажиллагаагаар иргэдийн нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх чухал гүүр болон ажиллаж байгаа юм байна. БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү төвтэй 0222788030, мөн 0222788034 дугаарын утсаар холбоо барьж, үйлчилгээ авах боломжтой аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ