
Монгол орны хэд хэдэн аймаг, сумд ой хээрийн түймэртэй байснаас ихэнхийг нь унтраажээ. Тухайбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2-р багийн Даянгийн даваанд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-100 гаруй хүн ажиллаж байна. Одоогоор түймрийг цурманд оруулсан байгаа бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Мөн
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, /сумын төвөөс зүүн хойш 40 км/ “Бат-Уул” гэдэг газар гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын хэлтсийн 58 албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 225 иргэн ажиллаж бүрэн унтраажээ. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг, /сумын төвөөс баруун тийш 25 км/ “Тэнхлэг” -ийн эхэн гэдэг газар гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн Дадал суман дахь Хилийн цэргийн 0287 дугаар ангийн албан хаагчид нийт 223 иргэн ажиллаж унтраасан байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дугаар баг, /сумын төвөөс 12 км/ хогийн цэгээс гал алдагдаж гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ.
Он гарсаар эхний таван сарын байдлаар 15 аймгийн 47 суманд 74 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн эрсдэлтэй аймгуудын 80 гаруй хувьд хуурайшилтын зэрэглэлд аюултай буюу нэн аюултай түвшинд хүрсэн тул хаврын хуурайшилтын энэ үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна. Тиймээс ил задгай гал түлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, ил галаар тоглуулахгүй байх, оюутан, сурагчдын төгсөлтийн баяртай холбогдуулан ногоон бүсэд тэмдэглэлт баяр ёслол тэмдэглэглэхгүй байх, аялал зугаалга зохион байгуулахгүй байхыг анхааруулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага ногоон бүсэд нэвтрэхдээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж болзошгүй эрсдлээс хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ