
Завхан аймгийн Идэр суманд энэ сарын 10-12-нд эх хэлний уламжлалт олимпиад болно. Жилээс жилд цар хүрээ, агуулга хэлбэр нь өргөжин тэлж буй тус олимпиадыг эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулах юм. Мэдлэгээ гүнзгийрүүлэн, монгол бичгээр зөв, цэвэр бичиж, эх хэлээ эрхэмлэхийн чухлыг олон нийтэд сурталчладаг энэхүү олимпиадад Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул, Увс, Ховд, Архангай зэрэг аймгуудын баг идэвхийлэн оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Олимпиадын сэдвийг тогтсон ёсоор Улаанбаатар хотноо мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, монгол хэлний эрдэмтэн мэргэд, уран бүтээлч, зохиолч, яруу найрагчдын баг шүүх юм байна. Эх хэлний олимпиадын хүрээнд болох өөр нэгэн арга хэмжээ бол “Үлэмж эгшиглэн” сангаас төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн цэнгүүнийг Улиастай хотод 10-ны өдрийн үдэш зохион байгуулахаар болсон байна. Цэнгүүнд Д.Цоодол, Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав болон МЗЭ-ийн шагналт Б.Батхүү, Б.Золбаяр, яруу найрагч Н.Гантулга, дуучин Ц.Төвшинтөгс, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү, Б.Баатархүү нар оролцох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ