Сэтгүүлч ба Бөх
Ирж байгаа цаг сайхан юм. ... намдуу тайван агаар, өдөр бүр илч орох нарны дор нозоорсон амралтын 48 цаг. Харин энэ хооронд 45 хоногийн турш нүдэлдэх рингний улаан булангийн тоглогч тодорчихжээ. Нам дотроо ч чамгүй нүдэлдсэн бололтой хоёр ч удаа хайнцаж байж 9 онооны илүүгээр гарч иржээ.
.
МАН-ын хувьд долоо хэмжиж байж нэг огтолсон шийд болсон эсэхийг хэлэхэд эрт байна. Энд сонголт зөв эсэх нь сонгуулийн эцсийн дүн ялалтаар л хариултаа авах учиртай.
Анх УИХ-д гарч ирэхэд нь бөх хүн ч дээ энд хэрэг байна уу даа гэж гайхаж эгдүүцэж байсан олон хүний амыг тагласан хоёр бөх бол аварга Б.Бат-Эрдэнэ, Женко гэх Х.Баттулга нар. Нэг нь Женко гэх нэрийн доорхи бизнесийн түүчээгээрээ дотоодын төдийгүй гадаадын бийлэгжүү гаруудыг ч юм бодуулахаар бэлтэй, улс төрд хол алхаатай. Нөгөө нэг бөх нь найз шигээ айхтар бэл бэнчин жагсаахгүй ч ангийн, намын хэн ч байсан болдоггүй нөхдийг хөмсгөө зангидаж байгаад хүнгэнэтэл сайхан зандардаг имижтэй тулхтай зангарагтай гишүүн. МАН-ын хувьд лидерийн илүүдэлтэй ч бай, дутагдалтай ч бай энэ цагт намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж, дуулдах ёстой хүний нэг нь Б.Бат-Эрдэнэ гишүүн. Удахгүй болох АН-ын гаргах ёслол төгөлдөр батламжаар цэнхэр буланд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зогсох нь тодорхой байгаа. Тодорхой байгаа нь Үүл баатрыг эс тооцвол АН-д Ц.Элбэгдоржоос өөр хэн гэж. Бас одоогийн Ерөнхийлөгчөөр үргэлжүүлж хийлгэх юм их үлдэх нь ээ гэх эерэг бодол олон нийтэд бий болоод байгаа нь АН-д энэ Ерөнхийлөгчөө дахин дэвшүүлэх ногоон гэрлийг асааж өгч байгаа юм.
.
Ингээд хэдэн зүйлээр харьцуулалт хийе. Жоохон зусардсан маягтай хэлчихэд хоёр нэр дэвшигч хоёулаа л мундаг.
Улс төрийн замналын хувьд Ц.Элбэгдорж нь илүү хатуу самар. Сэтгүүлч уран илтгэгчээс өнөөгийн Ерөнхийлөгч хүртлээ явсан. Ингэж явахдаа Н.Энхбаяр энэ тэр шигээ өөрийн дарангуйлал ногоон гэрлээр бус асар амбицтай хулигаан сэхээтэн, олигархи зэрэг зүсэн бүрийн нөхөд, бүлэглэл фракц, олон намын үр үлдэц мөчир салааны учрыг олж гогцоо зангидаж сүлжиж байж лидерээр зөвшөөрөгдөж гарч ирсэн Ерөнхийлөгч. Экс Н.Энхбаярын хэлж гомдоллоод байгаа нь үнэн бол өмнөх сонгуулиар өрсөлдөгчөө өөрийнх нь намтай давхар ташаад хотод унагаачихсан, яаж ч мэдэх нөхөр. Гэхдээ яаж ч гарч ирсэн байлаа гэсэн бужигнуулдаг, ухдаг уудалдаг, төрийн тэрбумтнуудийг хил давж зугатаатал нь айлгаж илчилдэг ийм нэг шударгадуу имижтэй, бас эмоцтой. Өөртөө итгэлтэй нөхөр Ерөнхийлөгч байх ч бас л зүгээр юм гэсэн байдлаар өнгөрсөн дөрвөн жилд сонгогчидоо өөртөө татаж чадсан. Үнэндээ ч шүүхийн шинэчлэл хийгээд олигархуудтай эхлүүлсэн түүний тэмцэл хоосон амлалт байгаагүй юм. Цаадах чинь “шударга” л яваа шүү гэх дажгүй үнэлгээтэй яваа.
.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Төрсөн нутаг, өөрийн тойрог Хэнтий аймагтаа нэг ч уурхай ухуулж, гол мөрнөө ширгээлэхгүй гэх хэр баргийн тэрбумтан гишүүнд байхгүй омогшил түүнд бий. Хөрөнгө бэл гээд байх ч юм юусан билээ. ...Аварга дээд сургууль энэ тэр гээд л нэг их явж өгөхгүй л болов уу. Гэхдээ ч бас Ерөнхийлөгчид нэр дэвших босго зуу гаран саяыгаа бол барчихтайгаа л хөрөнгөтөй байх.
Их хуралд анх үнэндээ л том биетэй тулдаа байгаа нь харагддаг таг дуугай нөхөр байлаа. Гэхдээ энэ үед Н.Энхбаяр нь бүхний өмнөөс бодож, бүхний өмнөөс шийдээд бараг ганцаараа улсыг удирддаг байсан тул шийдвэрийг нь зөвхөн гар өргөж батлаад л болоо. Худлаа камерын өмнө шоудах гээгүй л бол нэг их дуугарах хэрэггүй ч байсан болов уу. Гэхдээ аварга гишүүн маань дуугарах үедээ дуугарна гэдгээ олонтаа харуулсан.
Тэрбээр 2010 оны хавар Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай хамт Авлигын эсрэг бүлэг байгуулж, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийж байлаа. Энэ хурлыг удирдан явуулахдаа Б.Бат-Эрдэнэ гишүүн үнэний талд зогсох аваас хэнээс ч айхгүй, өөдөөсөө үг сөрүүлэхгүй дарж чадах тулхтай, зангарагтай парламент ч болсноо харуулж чадсан. Хамгийн гол нь энэ хэлэлцүүлгийн ширээнд Б.Бат-Эрдэнэ гишүүний эсрэг талд нэг намын журмын нөхөд нь хуучин Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, цагдаагийн генералууд, мөн тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж найз нь хүртэл шүдээ зуун үг сөрж суусан юм.
.
Тухайн үеийн Д.Тэрбишдагва тэргүүтэй тэрслүү гишүүддээ “Намбатай, ёс зүйтэй байгаарай. Намынхаа эсрэг олон юм ярихгүй шүү” гэсэн Ардын намын Ёс зүйн хорооны сануулгыг үл тоон өнөөх даруухан аварга гишүүн сөрж дуугарсан. Нэгэн цагт нэр сүрд нь наалдан явсан намын дарга экс Ерөнхийлөгчөө шоронгийн шаварт хутгаж хударгагүй загнаж байгаа намынхандаа шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан цөөхөн гишүүний нэг нь Б.Бат-Эрдэнэ. Хэрвээ Н.Энхбаяр тэр өдөр хоригдоогүй бол тэр үеийн Д.Тэрбишдагва, Ч.Улаан зэрэг гишүүдтэй нэгдэн Н.Энхбаярыгаа дэмжин намаа орхин МАХН-д орж бүлэг байгуулж хөдлөхөөр зэхэж байсан хүмүүсийн нэг нь Б.Бат-Эрдэнэ гишүүн гэж яригддаг. Н.Энхбаяр гэрт нь тусгай хүчнийхэн дайран орж баривчлахын өмнөхөн үүнийг нь ТВ-ээр амжиж мэдэгдсэн байдаг. Хэрвээ энэ зураглалаар явсан бол өнөөгийн улс төр, өнгөрсөн сонгууль ямар байхыг хэлэхэд бэрх. Магадгүй тэр өдрүүдэд Н.Энхбаярыг дагахад бэлэн ч эргэлзэж байсан МАН-ын нэлээд хэдэн нөхөр Б.Бат-Эрдэнэ аваргын үг дохиог харж эцсийн шийдээ гаргаж намдаа тогтож үлдсэн ч байж болох. Магадгүй тэр үед Б.Бат-Эрдэнэ гишүүн нөхрийг өрөвдөх жудаг зан гаргахаас илүүтэй төрөө төвшин байлгах намынхаа эв нэгдлийг сахих, өнөөх аваргын гэх тулхтай голч зангаараа хөдлөөгүй байж болох. Энэ түүхийг нуршин бичихийн учир нь төвийг сайхан барьдаг, гэхдээ бөөрөнхий биш нэг тийм сүрлэг намбалаг Ерөнхийлөгчийг дүрслэн хүлээгээд буй нийгмийн нэг хэсгийн захиалгад одоогийн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гишүүн тун дөхөж очиж байгааг хэлэх гэснийх. Харин угаасаа бөх хүн гэтэл гадаадад Монголыг төлөөлөх ёстой байдаг гээд яривал тойргоосоо холдоод явчихна.
.
Энд 2 нэр дэвшигчээс жоохон хазайгаад хуучин ЭКС ерөнхийлөгч нараа цухас дурсая. Ерөнхийлөгч хүн ер нь аядуухан төвийг сахидаг байх нь дээр гэх гүн штамп-д орсон ойлголтыг сонгогчдын тархинд сайн тамгалж өгсөн нөхөд бол анхны Ерөнхийлөгч П.Очирбат, титэм үгийг тэрлэгч Н.Багабанди нар юм. Энэ хоёр эрхмийн нэг нь нефть гарлаа гэж Зүүнбаянд ч билүү нисэн очиж тэр үеийн манай эмээгийн хэлснээр “хайран сайхан дээл”-ээ тосдож байснаараа олны сэтгэлд арчигдахааргүй үлдсэн. Анхны Ерөнхийлөгч гэсэн дагавар титэмтэй буусан. Удаах Ерөнхийлөгчийн 4 жил нь АН төр барих үе тохиосон байдаг. Энэ үед нам нь сөрөг хүчин болж төр үймүүлэхийн тулд зүсэн бүрийн хорт явуулга хийхийг нь харж, өөрийн 4 жилдээ дөрвөн Ерөнхий сайдыг батамжилсан өвөрмөц амжилтаар тэмдэглэгдэн үлдсэн. Мөн тухайн үед АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нэг нөхрийг тоог нь ханатал буцааж Ерөнхийлөгчийн зангаргаа харуулж байсан нэгэн. Харин энэ үед нь Ардчиллын алтан хараацай С.Зориг хамар дор нь шахуу бусдын гарт хорлогдсон хар өдрүүд ерөнхийлөгчийн гэх түүхэн бичээст нь дагалддаг. Намаа бус төрөө харсан Титэм ухаан гаргасан гэж үнэлэгддэг. Хамгийн сүүлд урт шар дээлтээс болгоомжлохийг сануулаад нэр төртэй буусан энэ хүн бол Н.Багабанди Ерөнхийлөгч байлаа.
.
...Ер нь дахиж ингэж нэг хүнийг амьддаа сүнс нь хоргодох хүртэл нь албан тушаал, алдар нэрд хахаагаад хэрэггүй юм байна гэх ухаарлыг монголчуудад өгсөн хүн бол гутгаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Энэ хүний талаар өнгөрсөн ба одоогийнх нь мэдээлэл нийгэмд өдөр тутам шинэчлэгдэн хүрч байдаг болохоор олон зүйл нурших хэрэггүй болов уу. Хүмүүст ганц асуулт байсан Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөж нэр дэвших үү. Энэ боломжийг олгох эсэхийг шийдэх хүн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм гэх яриа. Гэхдээ энэ асуулт боломжгүй гэсэн хариулттай хаагдсан.
Тодорхой болоод байгаа хоёр нэр дэвшигчийг харьцуулж хараад яривал олон зүйлийг хэлж болох. Хөнгөмсгөөр харьцуулах юм бол хэл ярианы чадвар хийгээд, уран илтгэгч талдаа бол Ээбий нь нөгөө Баагий аваргыгаа бараг л ичээнэ. Байгаа олж хатгасан үг, ёжтой зүйрлэл, уриалан дуудсан итгэл төрүүлсэн хэмнэлтэй яриа гээд л... одоогийн Ерөнхийлөгч бол уран илтгэгч мөн. Нэг удаа бүр “Би очоод миний ар түмээн гээд хошгируулна” гэсэн хамаагүй яриа нь олонд ил болж тэвдүүлж байсан удаатай. Харин аварга бол удаан дуугарна гэхдээ энэ бол өрсөлдөөнд унах тийм сул тал биш. Манайхан бол ерөнхийлөгчийн тал дээрээ Төрийн тэргүүн хүн жинтэйхэн нэг дуугарчихдаг байхад болно доо яахав, гэх л ард түмэн.
.
Ямартай ч Монголын ард түмний олонхийн дэмжлэгийг хүлээж байдаг хоёр намын нэр дэвшигч тодорхой болж ирлээ. Нэр дэвшигчийн талаархи таамаг бүхэн ард үлдэж улс төр хэмээх мөнгө, эрх мэдлийн тор нэхэгчид ямар гээч гайхамшигтай бас аймшигтай халз тулааны ринг нэхэж, тэнд нь манай хоёр хатуугаар хэлбэл, хэрхэн нүдэлдэх, соёлтойгоор хэлбэл хэрхэн өрсөлдөхийг харах үлдлээ .
Эцэст нь хэлэхэд, Бага хурал гэж юу билээ (ҮЗХ ч мөн адил). Тэнд олонхи нь хэн байдаг билээ ...
Зусардахгүй хэлэхэд, хоёр нэр дэвшигчийг хоёулангийн л олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнуудын оролцоотойгоор гаргаж ирж байна. Гэхдээ итгэл хүлээн сонгогдсоны эцэст ард түмний Ерөнхийлөгч болж өөрчлөгдөж болдгийг харуулсан замнал түүх бас бий.
Бидний өмнө сэтгүүлч , бөх хоёр байна. Хоёулаа л зүтгэе, чадна гээд байна ... гэхдээ Сонголт ард түмний тархинд явагдана .
П.Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ