
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 21 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2010-2012 онд Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез дагалдах хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл авсан 76 байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар тусгай зөвшөөрөл авсан байгууллагуудаас 27,3 хувь нь чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, 42,9 хувь нь тусгай зөвшөөрөлд заасан албан ёсны зориулалтын ажлын байранд үйл ажиллагаа явуулаагүй байжээ. Мөн стандартын хэрэгжилт хангалтгүй, бүтээгдэхүүний чанар, хадгалалт хамгаалалтанд тавих дотоод хяналт хангалтгүйгээс хадгалалтын горим зөрчигдсөн, мэргэжлийн боловсон хүчин ажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан. Энэ тушаалаар 24 байгууллагын тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, 18 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ