
Монгол Улсын Засгийн газрын “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол банк, ҮХААЯ болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан “Гурилын үнийг тогтворжуулах гэрээ”-ний хэрэгжилтийн байдалд ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Хархорин захад үйл ажиллагаагаа явуулж буй гурил үйлдвэрлэгч болон тэдний бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж буй аж ахуй эрхлэгчид гэрээнд заасан үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа эсэхэд шалгалт хийжээ.
Шалгалтаар “Хангай миллс” ХХК-ийн Хурх нэрийн 1 дүгээр зэрэглэлийн гурилыг жижиглэнгээр нэг кг-ийг нь 750 төгрөгөөр худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. Энэ нь уг компанийн зүгээс тус гэрээний 4.2–т “Стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэж зах зээлд 1 дүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр эцсийн хэрэглэгчдэд борлуулах нөхцлийг бүрдүүлж ажиллана”, 4.3-т “Гэрээт борлуулагч нартайгаа жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр борлуулах талаар гэрээ байгуулан хэрэгжилтэд хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогджээ. Иймд “Хангай миллс” ХХК-д энэхүү зөрчлөө арилгаж, 1 дүгээр зэрэглэлийн гурилыг жижиглэнгээр худалдаалах үнээ буулгахыг үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ