
Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Монгол Улсын мастер оёдолчин, төрийн дээд шагнал Алтангадас одонт “Ур ундрах” компанийн ерөнхий захирал гавьяатын тэмдэггүй гавьяат Аюурзанын Алтантуяа хэмээх уран хатагтайг энэ удаагийн зочноор урилаа. Нүүр дүүрэн инээд цацруулсан монгол эмэгтэйн есөн сайхан чанарыг биедээ цоглоосон Алтаа эгч тун үндэсэрхэг гэдэг нь түүний ярианаас тодхон харагдах биз ээ. Эрхэм уншигч та таалан болгооно уу.
..
-Та үргэлж л үйл урлаад завгүй байх юм аа?
-Тэгэлгүй яахав. Одоо мөнгөн хонхны баяр болох гээд тун завгүй явна. Хонхны баяраа тэмдэглэж ажил амьдралынхаа алтан босгыг алхаж байгаа залуучууд маань хүний хөлс шингэсэн хувцас өмсөхөөс татгалздаг болж. Энэ бол маш зөв. Аливаа хүн өөрийн гэсэн өнгө төрхтэй, жил мэнгэндээ таарсан хувцсаа өмсвөл цаашдынх нь ажил өөдрөг сайхан байдаг. Хүний хуучин хувцсанд тухайн хүний сайн, муу энерги, хөлс шингэсэн байдаг учраас монголчууд хуучин хувцас сольж өмсөхийг цээрлэдэг. Монголчууд их дөлгөөхөн, тайван тал шигээ уужим сэтгэлтэй хүмүүс шүү дээ.
.
-Манай монголын үндэсний хувцасны энэ жилийн өнгө, загвар ямар байх бол?
-Усан могой жилийн утга бэлгэдлийг монголчууд эртнээс дээдэлж ирсэн. Тиймээс энэ жил хөх,номин цэнхэр, хар хөх өнгө голлох хандлагатай байна. Могой цэвэрч тэнгэрийн амьтан шүү дээ. Монголчууд могойтой таарахаараа явсан замд нь сүү дусааж дээдэлдэг. Тухайн хүний жилийн өнгө, мэнгэ суудлаас шалтгаалаад өнгөний сонголт харилцан адилгүй. Хувцас захиалахдаа түүнийгээ бодолцох нь зөв. Үүнийг заавал ламаас асуух хэрэггүй, цаг тооны бичиг дээр тодорхой байдаг.
.
-Түрүүн намайг орж ирэхэд уулзаж байсан хоёр хос оюутан уу. Тэд танай загвар зохион бүтээгчээс зөвлөгөө авч байгаа харагдсан?
-Тийм ээ, МУИС ийн оюутнууд. Тэд манай загвар зохион бүтээгчээс зөвлөгөө авч хос дээл захиалсан. Манайх Солонгос, Тайландын цэвэр сайхан даавуу энэтхэг сари зэрэг материалаар хувцас урладаг юм. Дэлхийн торгоны хаан бол хятад улс. Хүр хорхой хятадаас өөр газар үрждэггүй. Тиймээс бид хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд зэргийн торгыг оруулж ирж үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж байна.
.
-Та “Болор цом” наадмын хишигт найрагчдыг олон жил дээлээр мялаалаа. Ер нь л хүнд хувцас бэлэглэх дуртай юу?
-Тэгэлгүй яахав. Энэ жилийн “Болор цом” -ын эзэн яруу найрагч Н.Гантулгад хүннү загварын дээл бэлэглэсэн. Монгол хүннү дээл,мөрөн захтай дээл бол монголчуудын үндэсний загвар. Монголчууд XIII-XVI зууны үед мөөрөлжин захтай дээл өмсч байсан. Одоо манай урлаг соёлынхон болон бөхчүүд илүү өмсдөг дөө. Монголчууд залуу хүнд бүс бэлэглэдэг байсан. Үүнд хийморь сүлд нь байдаг. Охин нь айлд очиход хүргэндээ бүс бэлэглэдэг байлаа. Энэ нь миний охиныг хоёргүй сэтгэлээр хайрлаж яваарай гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Ер нь монгол хүмүүс зөв сууж, зөв ярих хэрэгтэй.
.
-Mонгол үндэсний малгайны чиг загварын хандлагад танай төвийнхөн жинтэй хувь нэмэр оруулдаг юм билээ. Танай төвийн үйлдвэрлэдэг жонон малгайг хүмүүс Жавхлан малгай гэх юм?
-Манай төв дотроо малгайны үйлдвэртэй. Жонон малгай үйлдвэрлэж байна. Энэ малгайг сүүлийн үед Жавхлан малгай гэдэг болж. Болохгүй нь, юу байхав.Өнөө цагт тэр малгайг дуучин С.Жавхлан өмсч монгол үндэсний хувцсыг дэлгэрүүлж сурталчилахад хүндтэй гавьяа байгуулж байна. Түүгээр ч зогсохгүй үндэсний хувцсыг үзэх хүмүүсийн сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт орууллаа.
.
-Удахгүй наадам болно. Энэ жилийн наадмаар ямархуу дээл урлах гэж байна?
-Хүннү дээлний хувьд чимхээстэй хавчиж хийсэн эрэгтэй, эмэгтэй дээлийг янз бүрийн өнгө, материалаар хийж байна. Наадмын гоёлыг ч тэгж хийнэ.Хүн болгон үндэсний хувцсаа өмсч эх оронч сэтгэлтэй байгаасай.
-
“Мандах төрийн малгай
Бүтэх төрийн бүс
Дэвжих төрийн дээл
Тулах төрийн гутал”гэдэг дээ. Танайх үндэсний хувцсыг иж бүрнээр нь хийх үү ?
-Иж бүрнээр нь үйлдвэрлэх зорилготой байна. Монгол гутал урладаг гурван хүн бий. Улирлын чанартай болохоор эрэлт удаан байдаг. Цагаан сар, наадмаар борлуулалттай байдаг юм. Айл гэр болж гал голомтоо бадраахаас эхлээд бүхий л хүндтэй баяраа үндэснийхээ хувцастай тэмдэглэх хэрэгтэй. Хэдий болтол оросын цагаан пиджактай хуримлах юм бэ. Манай төвийнхөн үндэсний хувцсан дээр шүрээр бичээс, хээ урладаг. Энэ чиглэлд бидний бүтээсэн “Миний монгол” загвар олон улсын үзэсгэлэнгээс мөнгөн медаль авсан. Монголчууд үсэг маань босоо юм чинь заяа маань өөдрөг гэж ярьдаг. Бүх зүйлд л монголоороо баймаар байна.
.
-Уучлаарай, таныг саяхан хүнд хагалгаанд орсон гэж сонссон?
-Тийм ээ. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг. Үндэснийхээ хувцсыг сайхан өмсдөг хүмүүс бөхчүүд шүү дээ. Тэр дундаа Дархан аварга Б.Бат Эрдэнэ. Аварга маань үндэснийхээ хувцсыг их сайхан өмсөхөөс гадна сайхан монгол сэхээтэн. Эгч нь өнгөрсөн жил гадаадад маш хүнд хагалгаанд орсон. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аварга маань гадаадын элчин сайдын яам руу “манай монголын нэртэй оёдолчин хүн танай улсад хагалгаанд орох гэж байна. Та бүхэн санаа тавин тус болооч ээ” гэж хэлсэн. Би тэр үед Б.Бат-Эрдэнэ аваргын хүн чанарт биширч маш их баярлаж байсан. Насан туршдаа ачийг нь мартахгүй. Бөх хүн бурхан заяадаг гэдэг. Сайхан сэтгэлтэй, хүнлэг чанартай энэ төр урирдах нь ч зөв гэж ойлгож байгаа. Бие бялдар сайхан сайхан эр хүн шүү дээ.
.
-Сүүлийн үед хүмүүс брэнд гэж их ярьдаг болж?
-Манай улс 2,7 хон сая хүнтэй. Монгол хүн эх орондоо брэнд байх нь чухал.Чингис хаан, монгол хувцас дэлхийн брэнд шүү дээ. Брэндийн хувцас гээд том дэлгүүрүүдээр авчирч хаячихаад байж болохгүй. Бид өөрсдийнхөө урласан хувцсыг өмсөх цаг хэдийнэ ирсэн. Энэ онд төрийн тахилгатай Алтан дарь овооны зуун жилийн ой болно. Монголчууд маань хүндтэй сайхан овоондоо иж бүрэн монгол хувцастай очиж лус баярлуулах хэрэгтэй. Лус баярлуулбал тэр жилдээ болон цаашдаа ажил, үйлс нь өөдрөг явдаг.
.
-Сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа. Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе?
-Дэлхийд гайхагдсан монгол хувцас маань дэвжин дээшлэх болтугай. Дээл хийдэг болсноороо бид дээшлэн дэвжиж яваа. Босоо захтай дээл урладаг бидний заяа өөдрөг явдаг. Монголчууд маань харийн юмаар гоёх биш, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж үндэсний үзлээ дээдэлж яваасай. Дотроо ч, гаднаа ч монгол байгаасай гэж хэлмээр байна. Удахгүй манай оронд жуулчдын түрүүч ирнэ. Хүн болгон үндэсний хувцас монгол цамцаа өмссөн байвал биднийг сонирхох сонирхол улам нэмэгдэх байх. Тэр хэмжээгээр манай улсыг чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж, улс орны эдийн засаг өснө. Орчуулагч, хөтлөгч аялал жуулчлал эрхэлдэг компаниудын ажилчид энэ ярилцлагыг уншиж монгол сэтгэлгээтэй байгаасай гэж хүсмээр байна. Монгол үндэсний хувцсыг орчин үеийн загварын ямар ч чиг хандлагад ойртуулж хийж болно.
.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ