90 жилийн ойн хуралд 1000 төлөөлөгч оролцоно
Монгол Улсын худалдааны салбар хөгжлийн олон үе шатыг (Худалдааны салбарын суурь тавигдсан 1921-1935 он, хоршооллын худалдааны хөгжлийн 1935-1959 он, социалист худалдааны 1960-1990 он, зах зээлийн шилжилтийн үеийн худалдааны 1990-1997 он, олон талт чөлөөт худалдаа 1998 оноос хойш) туулан хүн амын эрэлт хэрэгцээг бараа, үйлчилгээгээр найдвартай хангах үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр 90 жилийн ойтойгоо золгож байна. Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөн 2011 оны 11 дүгээр сарын 17-нд Төрийн ордны Их танхимд, Ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 11 дүгээр сарын 18-нд Соёлын төв өргөөнд, Хүндэтгэлийн хүлээн авалт SS club-т, Ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 11 дүгээр сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд тус тус болно. Түүхэн 90 жилийн хугацаанд Худалдаа эрхлэгчдийн 1 дүгээр зөвлөгөөн “Худалдаа, тээврийн ажилчдын улсын зөвлөлгөөн” нэртэйгээр 1938 онд, 2 дугаар зөвлөгөөн “Улс хоршооллын худалдааны ажилчдын улсын зөвлөгөөн” нэртэйгээр 1960 онд, 3 дугаар зөвлөгөөн “Худалдааны тэргүүний ажилчдын улсын зөвлөгөөн” нэртэйгээр 1981 онд тус тус зохион байгуулагдаж байлаа. 30 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд 800 гаруй зочид, төлөөлөгчид урилгаар оролцож, худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, салбарын бодлого, цаашдын зорилтын талаар хэлэлцэн, зөвлөмж гаргана. Баярын хурал, хүлээн авалтад 1000 хүндэт зочид, төлөөлөгчид урилгаар оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ