Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон бөхчүүдэд чимэг, цолыг нь нөхөж олгохоор болов
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон бөхчүүдэд чимэг, цолыг нь нөхөж олгох шийдвэр гаргажээ. Х.Мөнхбаатар арслантай барилдаад тавын даваанд унасан улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин харцага цол өгч, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт заан цол хүртээлээ.
Мөн улсын начин Б.Сугаржаргалд тавын даваанд унасан улсын заан Б.Соронзонболд ч чимэг нэмэх болсон байна.
Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох дүрэмд сэргээш илэрсэн бөхөд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох заалтын дагуу ийм шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн жилийн баяр наадамд /Ардын хувьсгалын 91 жилийн ой/ шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу наймдугаар сарын дундуур олон нийтэд ил болж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн. Холбогдох байгууллагууд шинжилгээний дүнг нотолсноор Баяр наадмыг зохион байгуулах хороо энэ оны хоёрдугаар сард хуралдаж, улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тав, зургаа, долоогийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасах тухай санал гаргасан байгаа.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ