Япончууд Тавантолгойгоос хувь эзэмшихийг хүсчээ
Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зургадугаар зөвлөлдөх уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хуралдаанд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, тус яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Хүрэлбат, Эдийн засгийн хөгжлийн яамны Иновацийн төвийн захирал С.Бэхбат, Гадаад харилцааны яамны Г.Зоригт нар оролцлоо.
Тэд мэдээллийн үеэр энэ сарын 3-ний өдөр Монгол, Япон Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зургаадугаар зөвлөлдөх уулзалт болсныг дуулгав.
Уг хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд “Худалдаа хөрөнгө оруулалт”, “Уул уурхайн эрдэс” гэсэн хоёр сэдвээр зөвлөлджээ.
Энэ үеэр Япон талаас хэд хэдэн санал, шүүмжлэл Монголын талд тавьж, гурван төсөл арга хэмжээнд хамтран ажиллахаар болж, хоёр санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэ талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид ярихдаа “Япончууд манай улсаас хямд, чанартай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах, Тавантолгойн ордыг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ тус ордоос хувьцаа эзэмшихийг хүссэн. Мөн хамтарсан корпараци байгуурах саналтай байна гэсэн. Харин манай талаас уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөц чадавхийг сайжруулах,гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ингээд харилцан тохиролцож, зөвлөлдөөд нүүрсийг элс ашиглан баяжуулах технологийг хамтран судлаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллахаар боллоо. Мөн нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах зорилгоор хагас кокс, шахмал үйлдвэр барих чиглэлээр хамтран ажиллахаар болсон” гэв.
Сонирхуулахад, Япон улс 1990 оноос хойш манай улсад 530 гаруй компани 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь манай улсын гадаад хөрөнгө оруулалтын 1,6 хувьтай тэнцэж байгаа аж.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ