Европын аюулгүй байдал судлалын төвийн захирлуудтай уулзлаа

img

  Гадаад Харилцааны Сайд Л. Болд Жорж Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдал судлалын төвийн (Маршаллын төв) захирал Кэйн Дэйтон, орлогч захирал Херман Вахтер нарыг өчигдөр ГХЯ-наа хүлээн авч уулзлаа. Маршаллын төв нь Европын аюулгүй байдлын асуудлаар сургалт, судалгаа эрхэлдэг газар бөгөөд НАТО-гийн гишүүн, түнш орнуудын мэргэжилтнүүдийг түр хугацааны сургалтаар бэлддэг Европын хамгийн том сургалтын төвүүдийн нэг юм. Тус төвд Дорно Европ, ОХУ, Кавказ, Төв Азийн олон орны цэрэг, дипломат, төрийн албан хаагчид хуран тэдгээр бүс нутагт тулгамдсан аюулгүй байдлын нийтлэг сорилтын тухай чөлөөтэй ярилцаж, бие биеийнхээ байр суурийг тайлбарлан ойлгож, нэгдмэл ойлголцолд хүрдэг билээ. Маршаллын төвийн захирлууд Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Тэд ГХЯ-тай хамтран ажиллах, ажилтнуудыг нэг жилийн хугацаатай магистрын сургалт, Аюулгүй байдлын гүнзгий дамжаа, Терроризмын эсрэг дамжаа зэрэг түр хугацааны сургалтад хамруулах, цаашилбал, ГХЯ-ны сонирхолд нийцүүлэн тусгай сургалт ч зохион байгуулах боломжтой тухай тайлбарлалаа. Л. Болд сайд ГХЯ-ы ажилтнууд тус төвд олноороо сурч байсан боловч 2009 оноос хойш хамрагдаж чадаагүйг дурдаад, яамны боловсон хүчнийг олон улсын, ялангуяа Европын аюулгүй байдлын асуудлаар мэргэшүүлэхэд цаашид ч Маршаллын төвийн үүрэг чухал төдийгүй  Монгол Улс НАТО-ийн Даян дэлхийн түнш болж, ЕАБХАБ-д элсэн, Европын чиглэлд харилцаагаа тэлж байгаа энэ үед ач холбогдол нь улам ч нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН-ын ахмад гишүүн:
Би энэ Элбэгдоржийг өмнөх сонгуулиар мөн ч их дэмжсэндээ Солонгосоос мөнгө авлаа Хятадын хүүхэд гээд л олон ч юм тв гарч байсан. Юм хийх байх гэж бодоод одоо юу хийвээ гээд харсан чинь хүний өмнө энээ гээд хэлэх үг надад олдохгүй байна. Сайхан ярьж чаддагүй л хүүхэд юм даа. Би монгол хүн одоо жинхэн МОНГОЛ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ болъё гэж бодож байна. Бат-Эрдэнэ арай худлаа ярихгүй монгол бөхийн жудаг энэ хүнд байгаа гэж бодож байна Монголчууд одоо нам гэлгүй эв нэгдлийг бэхжүүлж жинхэнэ монгол хүнээ төрд гаргамаар байна. Чингис хааны үед гадны цустай хүн Хаан болно битгий хэл төрсөн дүү Хасарын удам хаан болж чаддагүй байсан гэдгийг санатугай.
2013-05-07