
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд байрлалтай “Түмэн шувуут” ХХК-ний тахиа үхсэн тухай мэдээллийн мөрөөр энэ сарын 05-ны өдөр Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн МХГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч газар дээр нь ажилласан байна.
Тус компанийн өндөглөгч тахиа олноор үхсэн байсан бөгөөд үхсэн тахианаас түүврээр дээж авч тус компанийн мал эмнэлгийн лабораторид задлан хийж шувууны томуу, нъюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд уг өвчин илрээгүй байна. Задлан хийсэн тахианаас эд эрхтэний 15 дээж материалыг онош тодруулж, баталгаажуулах шинжилгээнд авчээ.
Хорооны Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, томилогдсон ажлын хэсэг нүх ухаж 18330 толгой үхсэн тахиаг устгаж, ариутгал халдваргүйжүүлт хийн, устгалын болон халдваргүйжүүлэлтийн акт бичиж комиссын гишүүдээр баталгаажуулан, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажилласан.
Өндөгдөгч тахианууд байрладаг тус байранд нийт 38 мянга орчим толгой тахиа байжээ.
Урьдчилсан байдлаар тус байранд агааржуулагч системийн гэмтлийн улмаас тахиа хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй бөгөөд УМЭАЦТЛ-т явуулсан дээж материалын шинжилгээгээр шувууны томуу өвчин биш болох нь батлагдсан байна. Шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд тус байрны тахианд шилжилт хөдөлгөөн хийхгүй байж, өндөг болон бусад бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ