
Монгол Улс ОХУ-тай хиллэх Хиагт-Алтанбулагийн хилийн боомтыг 24 цагийн горимд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Энэ тухай Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Оросын ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр “Алтанбулаг-Хиагт нь чухал боомтуудын нэг бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төдийгүй, хоёр орны иргэдийн харилцан айлчлалд их үүрэг гүйцэтгэж байна. Бид шалган нэвтрүүлэх боомтын ажлын горимыг өөрчлөхөд бэлэн байна. Монголын Засгийн газар “Монгол Улсын хилийн боомтын тухай“ шинэ хуулийн төслийг анх удаагаа боловсруулаад байна. Энэ төслийг тус улсын парламентад хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэжээ. Мөн “Хуулийг баталсны дараа бид Алтанбулагийн боомтыг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотой техник-зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх болно ” гэжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ