
Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төслийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн З.Энхболд, Г.Батхүү, С.Ганбаатар, С.Одонтуяа, Д.Оюунхорол, Д.Ганбат, С.Эрдэнэ, Ц.Оюунбаатар, Б.Болор, Л.Эрдэнэчимэг, Д.Ганхуяг Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг нар асуулт асууж, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, Л.Болд, Р.Гончигдорж, Ж.Эрдэнэбат, Р.Бурмаа, Ж.Батзандан нар санал хэлэв.
Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх үед нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдээс гаргасан. Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийг хэрхэн үнэгүйдүүлсэн, хариуцлагагүй ажилласан албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцсон, одоогийн байдлаар хичнээн хөрөнгө хураагдсан байгаа, түүний зах зээлийн үнэлгээ хохирогчдийн хохирлыг хэдэн хувиар барагдуулах боломжтой, хохирлыг барагдуулахад шаардагдах төсвийг хэдийд төсөвт суулгах боломжтой зэрэг асуулт тавьж, саналаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Батцэрэг уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, одоо хэлэлцэх эсэх асуудлыг дэмжих, энэ хугацаанд уг асуудлыг дахин нягтлан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, тайланг нээлттэй хэлэлцүүлгээр сонсох нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан. З.Энхболд гишүүн уг хуулийн төслийг хэлэлцэхийн тулд эхлээд энэ хэргээс хэн хохирч, хэн хожихыг хуулийн байгууллага тогтоох, хохирогч нарыг оролцуулан тодорхой мэдээлэл сонсох, мөн хурааж авсан эд хөрөнгийг үнэлэх болон бусдад шилжүүлэхэд хуулийн байгууллагын ямар ажилтан хариуцлага алдсныг тогтоосны дараа нээлттэй хэлэлцүүлэг явуулж, дараа нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргав.
Н.Батцэрэг гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ