
Үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гадаад орнуудад илгээж буй төрийн бичиг захидал, болон төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом зэргийг монгол бичгээр давхар үйлдэж байхаар болсон билээ. Энэ хүрээнд үндэсний бичгийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Мөнх тэнгэрийн бичиг" нэртэй түүхэн бичгийн соёлын дурсгалын үзэсгэлэн нээх гэж байна. Уг үзэсгэлэнг энэ сарын 16-20-ны өдрүүдэд Үндэсний уран зургийн галерейд нээж нийтэд сонирхуулах юм байна.
Монголын анхны төрт улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан эл "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнд эртний хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамганы дардас, Алтан товч, Эрдэнийн товч зэрэг бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг зэрэг үнэт ховор үзмэрүүдийг нийтийн хүртээл болгох аж.
Энэ үеэр Ватиканы архиваас манай улсад саяхан шилжүүлэн өгсөн Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын "Үг мину" зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал зэргийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ