
Жил бүрийн хавар намарт цэцэрлэг, сургуулийн элсэлттэй холбоотой гомдол санал ихэсдэг. 2013-2014 оны хичээлийн жилд энэ асуудал бүр ч хурцдах шинжтэй байна. Урьдчилсан байдлаар нийслэлд 22584 хүүхэд 1-р ангид элсэх тооцоог гаргаад байгаа. Энэ нь өнгөрсөн жилээс 3216-аар өссөн тоо юм. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг ЕБС, цэцэрлэгт зориулан гаргалаа. Мөн хүүхэд авах цохолт хийж өгдөг дарга нарт болоод нийт багш, эцэг эхчүүдэд хандаж уриалга хүргүүлж байгаагаа хэвлэлийн хурал хийж мэдээллээ.
Зөвлөмжид тусгаснаар ЕБС-иуд элсэлтээ тавдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулна. Харин цэцэрлэгийн элсэлтийг тавдугаар сарын сүүлийн арав хоногт гэж тооцоолж байна. НБГ-т ирсэн БШУЯ-ны албан даалгаврын дагуу зургаадугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн элсэлтийн асуудал цэгцэрсэн байхаар элсэлтийг зохион байгуулах юм. Мөн сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон байгаа. 2013-2014 оны хичээлийн жилд хамран сургах тойргийг хатуу мөрдөж, тухайн сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байсан ч харъяаллын хүүхдээ заавал авах юм.
Хэвлэлийн хуралд НБГ-ын удирдлагууд, ачаалал өндөртэй 3, 5, 23, 24, 14, 84, 93 гэхчлэн сургуулийн удирдлагууд оролцож, элсэлттэй холбоотой мэдээллийг өгсөн. Сургалтын чанар сайтай гэгддэг ачаалал өндөртэй, гуйлга ихтэй сургуулиудын захирлууд энэ жил гуйлгын хүүхэд авахгүй шүү зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авна гэдгээ ахин дахин захиж байлаа. Захирлуудын хэлж байгаагаар нэг сургуульд 140-өөд багш ажиллагсад байдаг гэвэл 140 хүнээр дамжуулсан гуйлт, хүсэлт ирдэг. Бүгдийнх нь хүслийг биелүүлэх боломжгүй. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн Ж.Бааст захиралд л гэхэд нэг хичээлийн жилд хүүхэд аваач гэсэн 100-гаад хүсэлт, цохолт, гуйлт ирдэг байна. Чадан ядан 30-аадыг нь л биелүүлдгээ ний нуугүй хэлж байлаа. Ялангуяа “дээрээс” цохолттой хүүхэд ирдэг нь ачаалал эрс нэмдэг гэдгийг учирлаж байна. Энэ жилээс зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авах журмаа хатуу мөрдвөл хаа хаанаа ачаалал бага анги дүүргэлт дунджаар 30-35 байж болох юм. Элсэлттэй холбоотой нэг хэцүү асуудал нь чанартай сургалттай, нэр хүндтэй сургуульд хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байна. Тухайн сургуулийн хамран сургах тойргийнх биш ч гэсэн тэр хавьд амьдардаг, ах дүү найз нарынхаа хаяг дээр өрөө хөлсөлдөг гэж гэрээ хийгээд, гэрээгээ нотариатаар баталгаажуулаад ирэхэд сургууль авахаас өөр аргагүй болдог байна. Судлаад үзэхээр нэг өрөө байранд 6, 7-уулаа амьдардаг болчихоод байгаа юм. Хэрвээ энэ үнэн юм бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна шүү дээ гэж СБД-ийн 23 дугаар сургуулийн захирал Ц.Уянга хэлж байлаа.
Дээр нь сургуульд хандив өгч хүүхэд элсүүлэх явдал байдаг. Үүнд олон нийт сургуульд буруу өгч шүүмжлэлтэй ханддаг. Гэвч тухайн сургуульд хүүхдээ өгөхийг хүссэн эцэг эх захирлын зөвшөөрөлгүйгээр сургууль хөгжүүлэх сангийн дансны дугаарыг аль нэг багшаас авч дур мэдэн хандив хийдэг. Ингэснийхээ дараа танай сургуульд хандив өргөсөн, манай хүүхдийг ав, авахгүй бол гомдол мэдүүлнэ гэж тулган шаарддаг тохиолдол олон. Сургууль, цэцэрлэгийн элсэлт тойрсон энэ мэт гаж асуудлууд тухайн сургууль хамран сурах тойргийн хүүхдийг л авах болохоор цэгцэрнэ гэж тооцож байна.
Нийслэлийн Боловсролын газраас шат шатны дарга нар, нийт эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгчид хандаж, хүүхдээ тухайн хамран сургах тойргийн сургуульдаа л өгөхийг уриалж байгаа. Ялангуяа төрийн ордон доторхи дарга нараас эхлээд дүүргийн, боловсролын байгууллагуудын удирдлах албан тушаалтнууд, тухайн сургуультай хамтарч ажилладаг байгууллага аж ахуй нэгжийн захирлууд сургуулиудад цохолт хийж хүүхэд элсүүлэх нь олонтаа. Тэднийг энэ үйлдлээ давтахгүй байхыг уриалгаараа хүргүүлж байгаа юм. Эцэг эх, дарга нарын зүгээс ирдэг гуйлга, хүсэлт цохолт байхгүй бол цэцэрлэг сургуулиуд хэвийн ажиллах боломжтой байгаа юм.
Сургууль цэцэрлэгүүд хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг авна. Ачаалал өндөр, гурваар суулгасан ч хамаагүй, ганц ч хүүхдийг үлдээхгүй сургууль цэцэрлэгт хамруулах ёстой. Энэ талаар гомдол санал эцэг эхэд байвал дүүргийн элсэлтийн комисст хандаж шийдвэрлүүлж болох юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ