Л.Болд: Манайд гуравдагч хөршийн бодлого хэрэгтэй байна
Манай улс 2022 он гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор ажиллаж байна
Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултанд нь хариулт өгч тус хийж, хэрэгжүүлж байгаа ажлын үйл явц, үр дүнгийн талаар тайлагнав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болд том хоёр гүрний дунд орших манай улс гадаад бодлогын байр суурь, тэнцвэртэй байдлыг хадгалах чиглэлээр Гадаа харилцааны яам нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай харилцах уялдаа холбоогоо бататгаж, улсынхаа нэр нөлөөг дэлхийд таниулах бодлоготой байгаагаа мэдэгдэлээ. Түүнчлэн 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор зорилт тавин, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагаа дуулгав. Мөн тэрбээр "Монгол Улс бүх улс оронтой харилцаа холбоогоо хөгжүүлэх болно. Харин Солонгосын хойгийн асуудалд Монгол Улс тэнцвэртэй байр суурьтай байж, бүс нутгийн өндөр түвшиний уулзалт зохион байгуулж, яриа хэлэлцээрийг нааштай талаас нь хийхээр шийдвэрлэж байна.
Өнөөдөр манай улсад эдийн засаг, аюулгүй байдал, хөгжлийн баталгааг хангах гуравдагч хөршийн бодлого хэрэгтэй байгаа. Энэ асуудлыг ч бид цаашид дэвшүүлэн тавьж байна. Энэ ажлын хүрээнд Турк, Япон улсуудад томоохон хэмжээний амжилттай айлчлал хийхэд тэд бидний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ер нь бол гуравдагч хөршийн асуудал манай хоёр хөршийн эсрэг чиглэсэн биш, харин Монгол Улсын нэр нөлөөг олон улсад даацтай хүргэх, томоохон эдийн засгийн төслүүдийг бий болгох үүднээс түншлэх бодлогийн асуудал юм" хэмээн ярьсан юм.
6
Интерполын асуудалд манай яам төдийлөн оролцоод байдаггүй
Одоогийн байдлаар гадаадад манай улсын 39 ЭСЯ, консулын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин саяхан Засгийн газраас зургаан консулын газрыг нэмж байгуулахаар болжээ. Дэлхийн 18 оронд 159 хүн ял эдлэж байгаа бөгөөд ихэнх нь хулгай, хар тамхины хэргээр шийтгэгдсэн байдаг юм байна.
Энэ асуудлын талаар сайд Л.Болд хэлэхдээ "Сүүлийн үед манай ГХЯ болон консулын байгууллагууд иргэдийн асуудлыг олонд нээлттэй байлгаж, мэдээллээр хангаж байгаа. Тиймдээ ч манай улсын харъяалалтай иргэн гадаадад хүчирхийлүүлэх, хэрэг төвөгт орох тохиолдолд бид шуурхай арга хэмжээ авч, эх оронд нь эргүүлэн авчрах, ялтан солилцох зэрэг арга хэмжээг авч байна. Тиймдээ ч манай яам дэргэдээ "Иргэдэд туслах сан" байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монголчууддаа туслахыг хичээж байна. Бид нэг ч иргэний асуудлыг та өөрөө учраа ол, таны асуудал бидэнд хамаагүй гэх хандлага гаргаж байгаагүй. Хэрэв иргэн та тухайн улсад орших консулын газраас тусламж хүсэхэд, танд тусламж чадаагүй бол бидэнд хандаж болно.
Иргэд маань ч бас гадаад явахдаа холбогдох байгууллагуудаас эрх, үүргийн талаар зөвлөгөө авч, хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Харин интерполын асуудалд манай яам төдийлөн оролцоод байдаггүй учир бидэнд энэ талаар мэдээлэл байхгүй. Тиймээс Б.Хурц, Н.Энхтуяа нарын асуудалд манайх бараг оролцохгүй байгаа. Зөвхөн тэднийг Монгол Улсын иргэн гэдэг үүднээс хамгаалахаар ажлын хэсэг гарган, нөгөө талтай ярилцаж байна. Тэдний асуудал ойрын үед шийдэгдэх байх гэдэгт итгэж байна" гэлээ.
6
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ