2012 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцлээ

img

  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. 21 зорилт, 145 арга хэмжээтэйгээр баталсан үндсэн чиглэлийн нийт зорилт, арга хэмжээний биелэлт 2012 оны жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай гарсан хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулсан. Нийт 320 км замыг барьж, 13 эмнэлэг, хоёр эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулжээ. Нийт малын тоо, толгой өсөн 40.9 саяд хүрсэн тухай сайд мэдээлсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн Аудитын газраас Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээний тоо өмнөх жилүүдээс цөөрсөн хэдий ч шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, санхүүгийн эх үүсвэр тэр бүр оновчтой тодорхойлогдоогүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн Үндсэн чиглэлийн 145 зорилт, арга хэмжээний биелэлтийг тогтоосон шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүнтэй нь харьцуулан үзэхэд хэрэгжсэн 17, хэрэгжилт дутуу 120, хэрэгжээгүй 8 арга хэмжээ байна. Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь төсөв, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажаагүй, хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа хангалтгүй, бэлтгэлийг бүрэн хангадаггүй, цаг хугацаа, хүчин чадал, нөөцийг оновчтой тооцдоггүй, шийдвэр тогтвортой хэрэгждэггүйтэй гол төлөв холбоотой байна хэмээн үзжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар болон хувийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх арга зам, загвар тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй, хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн зарцуулалт, гүйцэтгэлийг тооцохгүй, биелэлтийг үнэн зөв, бодитой тайлагнахгүй байна хэмээн дүгнэлтэд дурдсан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үндсэн чиглэлд тусгагдсан макро эдийн засгийн үзүүлэлтүүд биелээгүй байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулаад, инфляци өсөж, ядуурал нэмэгдэж, ажилгүйчүүдийн олшроод байгааг мөн сануулсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ДНБ-ий өсөлт 12.3 хувь буюу Азидаа өндөрт тооцогдохоор гарсан ч ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна хэмээн хэлж байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, 2012 он сонгуулийн жил байсан гэдгийг дурдаад энэ жил зарлага өсөөд, оруулахаар төлөвлөсөн орлого нь тооцсон хэмжээнд хүрээгүй гэж тайлбарлаж байв. Гишүүд ийнхүү хэлэлцээд 2012 оны үндсэн чиглэлийн биелэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ