Солонгост зорчих банкны баталгааг 30 хувиар бууруулжээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам энэ сарын 13-наас эхлэн Солонгосын визний нөхцөлд өөрчлөлт оруулжээ. Энэ ажлын хүрээнд Солонгосын ЭСЯ-тай харилцах банкны тоог нэмэгдүүлэх, визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг тэлэх, бүрдүүлэх материал танилцуулах аргачилалыг сайжруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам зөвхөн “Хаан” банкаар дамжуулан эзэмшлийн дансны гэрээ хийдэг гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин тэд Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банкыг шинэ харилцагчаа болгожээ.
.
Мөн дээрх банкнуудын үндсэн харилцагчид нь Солонгос улсын виз мэдүүлсэн тохиолдолд шинээр визний зориулалттай хугацаат хадгаламж нээлгэх шаардлагаггүй болсон байна. Харин тухайн банкинд дахь өөрийн эзэмшлийн дансныхаа гэрээг шинэчилсний үндсэн дээр холбогдох лавлагааг мэдүүлэх боломжтой болжээ. Мөн визний зориулалттай хугацаат хадгаламж буюу банкны баталгаа бүхий 10-20 сая төгрөгийг 30 хувиар буурлуулж, 7-14 сая төгрөг болгосон байна.
.
Виз мэдүүлж буй хүүхдүүдийн насны хязгаарыг 23 болгов
Өнгөрсөн оны аравдугаар сараас тус ЭСЯ нь Монгол иргэдэд хялбарчилсан аргаар виз олгох нөхцөлийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журам нь ЭСЯ-аас тогтоосон шаардлагыг хангасан тохиолдолд урилга, санхүүгийн чадавхи гэх мэт бусад материалиас чөлөөлөхөөр болж байсан юм. Харин энэ удаагийн хялбарчилсан аргаар виз олгох нөхцөл нь өмнөх хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаж буй иргэдээс гадна дараах нэмэлт нөхцлийг хангасан иргэдэд үйлчлэх аж. Тухайлбал, сүүлийн нэг жилийн цалин нь нийгмийн даатгалын дэвтэр дээр сар тус бүр 1.400.000 төгрөгөөс /сард 1000 ам.доллар орчим/ дээш бичигдэж байгаа виз мэдүүлэгч болон түүний гэр бүл (эхнэр, нөхөр, хүүхэд) энэ нөхцөлд хамрагдана. Мөн ЭСЯ-аас тогтоосон банкны VIP үйлчлүүлэгч болон түүний гэр бүл (эхнэр, нөхөр, хүүхэд) ч хамрагдах ажээ. Түүнчлэн, БНСУ-д эмчилгээний зорилгоор хоёр болон түүнээс дээш удаа зорчсон иргэнд хялбарчилсан аргаар виз олгохоор болсон байна. Дашрамд дуулгахад,хялбарчилсан аргаар виз олгох нөхцөлд хамрагдах иргэдийг дагалдаж виз мэдүүлж буй хүүхдүүдийн насны хязгаарыг 23 /гэрлээгүй байх/ болгосон байна.
. Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ