Сонгууль хийгээд туйлшрал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид эхнээсээ тодорч эхлээд байна. Улс төрийн хоёр том хүчин нэр дэвшигчээ тодруулж, батламжиллаа. Нэг нь одоогийн Ерөнхийлөгч, нөгөө нь УИХ-ын гишүүн. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр хүн сонгуульд өрсөлдөхөөр тодорсон цагаас эхлээд монголчууд хоёр талцаад үгээр дайтаад эхлэв.
Эхэллээ. За яах уу.. гээд сууж байгаа нам сонгуулийн штаб одоо хаана ч байхгүй. Э ирвэл ингэнэ Б гараад ирвэл тэгнэ гээд л бэлдсэн зүйл хоёр намд зөндөө л байгаа.
Тэгээд ч МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчээр тодронгуут ашгүй дээ гэсэн шиг л хамгийн түрүүнд бөх хүн үү дээ, аваргуудаа арай ч дээ гээд эхэллээ. Яаж гадаад явнаа, хэдэн англи үг мэдэхийн, НҮБ-ын индэр таг англигүй хүн гаргачихаад юу бодож суухийн гэх мэтээр эхэллээ. Энэхүү бөх хүн тэнэгдүү гэсэн пиар хоёрхон хоногт явж өгч байна. Сонгууль болж хэн нэг нь ялж таарна. Харин цаашаа монголын их хуваагдал үүсгэн эрхэм зүйлс өв соёлынхоо нэгэн цөмийг эвлэхгүй болтол нь гутаах хэрэггүй юм.
.
Даяаршлын энэ цагт дэлхийн бөөрөнд Монголыг минь Монголоор нь харагдуулж байдаг хэдхэн зүйл бий. Гүн цэнхэр тэнгэр түүн дор хөшиглөх унаган байгаль, хоолой шавхсан уртын сайхан дуу, хүлгийн төвөргөөн хүчтэний бярыг үзсэн эрийн 3 наадам гэж бий. Ногоо хэнзэлж нар наашлангуут наадмаа ярьж нэгэн зуны богиныг гайхаж бардаг монголчууд бид одоо бараг хамгийн тэнэг хүн бөх болж төрдөг гэж хэлэх шахаад байна.
Энэхүү бөх хүн ерөнхийлөгчийн ажлыг барахгүй бүдүүн болхи гэдэг хэсэг хүмүүсийн бодол байхыг үгүйсгэхгүй ч эх орондоо бөх болж төрсөн хүн бүр рүү шороо цацаж буй мэт хараар комментжиж байгаа нь өнөөх агуу хар пиарчдын технологоор баяжигдаад байгаа нь нууц биш.
.
Эрх барьж байгаа намын элч одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар хэлэх үг, гаргах баримт МАН-ын пиарчдынх нь өмнө ч хангалттай байгаа гэж бодож байна. Топ сэдэв болоод байгаагийн хувьд одоо хүн бүр өөрийнхөөрөө ерөнхийлөгчийн шалгуурыг тавьж байна. Хэл яриа сайтай байх,тав ч юмуу зургаан орны хэлээр ярьдаг байх. Авилга аваагүй асуудалд орооцолдоогүй байх, өндөрхөн биерхүү байх гэх мэтээр эсвэл өндөр боловсролтой, шалгарсан улстөрч байх гэх мэт ер нь иргэд сонгогчид шалгуураа яаж ч тавьж ч болно. Тэдний эрхийн асуудал. Энэ бөх шалгууруудыг иргэд өөр өөрийхөөрөө гаргаж ирж, тавьж байгаа бүгдийг л анхаарах ёстой биз.
Гэлээ гэхдээ Б.Бат-Эрдэнэ аварга бөх тул боловсролгүй эх орноо төлөөлөх чадваргүй гэх зэргээр дайрах нь эргээд бөх рүүгээ ард түмэн рүүгээ дайрч байгаатай адил. Ийм утгатай пиараараа яваад байвал шууд ялна гэж АН-ын 100 хувийн дэмжигч батламжлагчид ч бодоод байгаа бололтой. Өчигдөр болсон АН-ын Их хурлын танхим Бөх нь бөхөөрөө бай, манай хүнийг бөх бол барахгүй шүү гэсэн утгатай үгүүдээр уухайллаа. Энэ нь хүнээ дэмжсэн уриа ч юм шиг, та бөх хүн тул нэрээ тат гэж Б.Бат-Эрдэнэ аваргад тулган шаардаад ч байгаа юм шиг олон нийтэд бууж байна.
.
Б.Бат-Эрдэнэ аварга гэдэг энэ бие хүн бол өнөөдрийн байдлаар Үндсэн хуулиар олгогдсон эрх болоод хуулинд заасан шаардлага хангаж, ард олны болоод улс төрийн тодорхой хэсгийн дэмжлэг аваад гарч ирсэн Нэр дэвшигч юм. Энийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл “Бөх хүн шүү дээ, бод л доо”гээд байдаг. Энд хэлэхэд, бид нэгэн цагт хүчтэний ногоон дэвжээндээ босоо байсан бөх, аварга Б.Бат-Эрдэнэ, одоогийн нэр дэвшигч парламентч Б.Бат-Эрдэнэ хоёроо салгаж харья. Харин ч бөх явсан тусмаа түүнд монгол эр хүний сайхан шинж болоод чанарууд төгс биш юм аа гэхэд хангалттай шингэсэн нь өдгөө Улсынхаа Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшихэд нь хөтөлж ирсэн ч юм уу. Санаа зөв бол заяа зөв гэж өвөг дээдэс хэлж ирсэн дээ...
Эх орон хаанаас эхлэх вэ гэдэг асуултаар нэг сонгууль эхэлж байсан шиг санагдана. Харин энэ жил бөх хүн амжих уу гэдэг сонин, монгол хүний биш асуултаар сонгуулийн пиар эхэллээ..
.
П.Баярхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ