Олон улсын шалгаруулалтад Монгол компани тэргүүлжээ

img

    Global CSR буюу “Компанийн нийгмийн хариуцлагын дэлхийн шагнал”-ын эздийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй шалгаруулалт саяхан болж өнгөрсөн талаар Блүүмберг, Acnnewswire гэх мэт хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллээ. Нийт 5 төрөлд явагддаг шалгаруулалтын “Ажлын байрны орчин нөхцлийг хангагч шилдэг компани”-ийн төрөлд Монголын Энержи Ресурс компани ялалт байгуулж, шагнал хүртжээ. Бусад төрлүүдэд Petron, FedEx, 3M, Western Union, P&G  зэрэг олон улсад нэр алдар нь танигдсан, томоохон корпорациуд шалгарсан юм байна. Global CSR шалгаруулалтад жил бүр дэлхийн 500 гаруй томоохон корпораци материалаа ирүүлдэг бөгөөд нийгмийн хариуцлагын чиглэлд зохион байгуулагддаг Ази-Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм байна. Pinnacle Group International байгууллагаас зохион байгуулдаг шалгаруулалтын энэ удаагийн ёслолын ажиллагаа Филиппиний Давао хотод болж өнгөрчээ. Энержи Ресурс компанийн тухайд ажиллагсдынхаа эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцлийг онцгой сайн бүрдүүлж, нийгмийн хангамжийн асуудлуудыг цогц шийдсэнээрээ энэхүү шалгаруулалтад амжилттай оролцсон байна. Энержи Ресурс ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ш.Байгалмаа: - Манай компанийн хувьд ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжилтнүүд тухайн ажлын байр нэг бүрт нарийвчилсан зураг авалт, судалгаа шинжилгээ хийж, ажил хийх явцад үүсч болзошгүй эрсдлүүдийг нэг бүрчлэн тодорхойлдог. Уурхайн оператор, жолооч, засварын инженер гээд бүх ажлын байрнуудыг ийм байдлаар судалж, тодорхойлно. Үүнийхээ үндсэн дээр тухайн эрсдлүүдийг бууруулах, үгүй болгох арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлдэг. Ингэж осол, аюулыг бий болсных нь дараа биш болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, шалтгааныг үгүй болгох нь ажиллагсдын аюулгүй байдлыг хангах хамгийн том нөхцөл юм. Global CSR шагналын шалгуурыг хангахад эдгээр системтэй ажиллагаа нөлөөлсөн гэж ойлгож байна. Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаа: -Global CSR шалгаруулалтад бид өнгөрсөн жил анх удаа эх орноо төлөөлөн оролцож, сүүлчийн шатанд шилдэг 6 оролцогчийн  нэгээр тунаж үлдэж байсан. Энэ жил “Ажлын байрны орчин, нөхцлийг хангагч шилдэг компани” категорит шалгарч, шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Нийгмийн хариуцлагын чиглэлээр бидний хийж байгаа ажил улам чанаржиж, амжилтаа ахиулж байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Энэ жилийн тухайд бид ажиллагсдынхаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа уг шагналд нэр дэвшсэн. Уул уурхай бол өөрөө хүнд үйлдвэрлэлийн салбар. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, ажил, амралтын орчин нөхцөл, цаашлаад хөдөө шилжин суурьшихаар ирж байгаа ажиллагсдын үр хүүхдүүдийн боловсрол гээд олон асуудал яригддаг. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд манай компани Өмнөговь аймагт орон сууцны хороолол барьж байгуулж, сургууль, цэцэрлэгийн орчин үеийн цогцолбор байгуулахаас аваад маш их хөрөнгө оруулалт хийсэн. Манай уурхайн ажиллагсдын төв кэмп л гэхэд 650 хүний багтаамжтай, Монголдоо анхдагч, архитектурын өвөрмөц, цогц шийдэлтэй, хүний амралтын орчин нөхцлийг дээд зэргээр хангасан байдаг. Манай компани хийсэн бүтээснээрээ дэлхийн олон компаниуд дундаас шалгарч чадсан нь бидний хувьд их том бахархал болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ