Давай - ЗА ПОБЕДУ

.
Энэ дайны түүхэн явц хийгээд ялалтын буудлагатай төгсгөл хүртэл, бүр дараа нь ах дүү Хятадын ард түмнийг чөлөөлөх дайны эцсийг хүртэл Монголчууд дайнд эд материал, зэр зэвсгийн туслалцаа төдийгүй улс төрийн бодлогоор идэвхитэй оролцож байлаа. Дэлхийн II дайны сүүдэр манай ард түмэнд идэж уух өмсөх зүүхийн хомсдол бас нэг хүн шиг ялалтын дор зүтгэсэн эв нэгдлийг ч өгч байсан. Зөвлөлтийн 6,8 сая цэргийн албан хаагч амь үрэгдэж, 4,4 сая хүн олзлогдсон болон сураггүй болжээ. Зөвхөн зөвлөлт орны 26,6 сая хүн амийг авч одсон энэ дайны ялалт том гүрнүүдийн геополитикийн олон талт ашиг сонирхлын зөрчлийн уулзвар дээр ирж зогссон байдаг.
.
Берлиний ханыг дагаж баруун Европ бүхэлдээ шахуу ЗХУ буюу тоталитар дэглэмийн нөлөөнд орсон. Манай Монгол ч мөн адил. Гэхдээ эндээс хонжоо гаргаж тусгаар тогтнолоо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн нь маршал Х.Чойбалсан байсан. 68 жилийн өмнө болсон ялалтын баярын дараахан Москва маршал Х.Чойбалсанг дуудлаа. Сталин нөхөр Чойбалсанд дайн хараахан дуусаагүй, одоо дайны утаа уугиулсаар байгаа Японы импералист хүчнийг дуусгах цаг болсныг сануулж, энэ талаар ямар байр суурьтай байгааг нь асуусан байдаг. Хариуд нь маршал энэ саналыг дэмжиж буйгаа хэлээд Монголын арми энэ дайнд нэгдэн оролцож Хятадыг чөлөөлөх интернационалч үүргээ биелүүлэх болно гэдгээ хэлжээ. Харин энэ бүхний төгсгөлд БНМАУ-ын тусгаар тогнолыг Хятад болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлж дэмжихийг хүссэн байдаг. Сталин энэ хүсэлтийг анхаарч үзэхээ амласан. Ингээд 1945 оны наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад БНМАУ нь Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлж, Зөвлөлт Монголын харилцан туслалцах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, өөрийн орны аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлажээ.
.
Монголын арми энэ дайнд чухал үүрэгтэй оролцож манай ардын арми ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцож тусгаар тогнолоо баталгаажуулах гадаад нөхцөлөө хангаж чадсан. Япон бууж өгсний дараа Сталин амалсан ёсоороо Хятадын талд шахалт үзүүлж хэрвээ монголчууд өөрсдөө бие даасан улс болохоо баталбал бид татгалзахгүй гэсэн үгийг хэлүүлсэн. Энэ бүхний эцэст бүх нийтийн санал асуулгаар монголчууд 100 хувь саналаа өгч алдарт Эрхий хуруугаар баталгаажсан тусгаар тогнол бидэнд ирсэн билээ.
Тэгэхээр дэлхийн II дайн Монголчуудын хувьд Д.Пүрэвдорж гуайн хэлснээр эрдэнийн зургаан үсэг хэлхэж “Эх орон” гэж бичсэн тусгаар тогтнолын үнэ цэнэтэй байсан. Тэгэхээр Давай-ЗА ПОБЕДУ-Монголчуудаа.
.
П.Баярхүү /Тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ