Х.Оюунцэцэг: Охин маань Гиннесийн амжилтад хүрлээ
Монголын уран нугараач нарын хосгүй авьяас дэлхийг байлдан дагуулж, гайхуулсаар байна. Хэдхэн жилийн өмнө Англид амьдардаг уран нугараач Л.Оюунгэрэл биеийнхээ бүх жинг шүдэн дээрээ тогтоон 33 секунд барьж Гиннесийн амжилтад бүртгүүлж байсан. Дараа нь тэрбээр амжилтаа 50 секунд болгон ахиулсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын 9-нд Унгарт ажиллаж байгаа Монголын уран нугараач Э.Цацрал шүдээрээ тулгуур төмрийг зууж 2 минут 34 секунд тогтсоноор Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ. Энэ талаар өнөөдөр Э.Цацралын ээж Х.Оюунцэцэг, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Норовсамбуу нар мэдээлэл хийлээ.
.
Энэ үеэр Э.Цацралын ээж Х.Оюунцэцэг ярихдаа “Миний охин Э.Цацрал дөрвөн настай байхдаа Төрийн шагналт, уран нугараач Д.Мажигсүрэнгийн шавь болж, 20 жил нугарч байна. Одоо дэлхийг тойрон аялдаг Италийн циркт нугараачаар ажиллаж байна. Харин одоо Унгарт тоглож байгаа. Миний охиноос өмнө Л.Оюунгэрэл 50 секунд шүдэн дээрээ тогтож, Гиннест бүртгүүлж байсан юм билээ. Харин миний охин 2 минут 34 секунд шүд нь дээрээ тогтож, Гиннесийн амжилтад хүрлээ” гэлээ.
.
Түүнчлэн, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Норовсамбуу Э.Цацралын талаар ярихдаа “Би энэ хүүхэдтэй “Ногоон дарь эх”, “Цацал”, “Бурхадын чуулган” зэрэг бүтээлүүд дээр хамтран ажиллаж байсан. Э.Цацрал бол маш хатуужилтай, хөдөлмөрч охин. 2004, 2005 онуудад олон улсын циркийн наадмаас мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан. Мөн “Монтакарло” наадмаас хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Багаасаа нугарч, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа энэ хүүхдийг төр, засаг анхаараасай гэж бодож байна. Энэ хүүхэд одоо 24 настай. Нугараач хүн 25 наснаас хойш “харьж”, сайхан нугарч чадахаа больдог” гэсэн юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ