
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын VII хурал өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Дэлхийн 100 гаруй орны 1200 гаруй зочид төлөөлөгч оролцсон тус хурлын бэлтгэл ажил нийслэл хотын бүх л иргэдийг хөдөлгөсөн гэж болно. Зочдын явах зам талбайг угааж, тохижилтын ажлыг дүүргүүдэд зохион байгуулж, төлөөлөгчдийн буудаллах зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд хяналт тавих зэргээр нилээдгүй анхаарлаа хандуулсан. Авто замын хөдөлгөөнийг сийрүүлэх зорилгоор тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг ч хийсэн юм.
Харин нийслэлд мянга гаруй харийн гийчин зочилсон өдрүүдэд ямар машинаар үйлчлэх вэ гэж хотын захиргаа болон нийслэлийн Нийтийн тээврийнхэн хэрэндээ толгойгоо гашилгацгаажээ. Ингээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагууд уулзалдаж, энэ сэдвээр зөвлөлдөөд, бусад компаниуд нь нэрээ татаж аван, дуу нэгтэйгээр “Улаанбаатар такси транспорт сервис” компанид эл хариуцлагтай үүргийг оногдуулсан байна. Учир нь тус компанийн таксинууд харьцангуй шинэ 2011 онд үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмжтэйн дээр жолооч нарынх нь үйлчилгээний соёл өндөр байдаг аж. Тиймээс улс эх орныхоо нэрийг хамгаалах үүрэг хүлээсэн тус компанийн жолооч нар зочид ирсэн хэдэн өдөр цагаан цамц, цагаан бээлий хар өмдөөр ижилсэн дэлхийн томоохон хотуудын такси үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлсэн гэнэ шүү.
Зочдыг явсны дараа өдөр бүр нийслэлийн иргэдээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж чадах болов уу хэмээн иргэд ярьж байсан нь нууц биш. Тэгвэл иргэдийн бухимдлыг дарж, нийслэлийн төв талбайг угаах, авто замын тоосыг дарж ус цацах, тохижилтын ажлыг улам сайжруулах ажлууд одоо өдөр бүр хийгддэг болсон байна. Тус компанийн жолооч нар ч мөн адил цагаан цамц бээлийгээр гангарсан хэвээр нийслэлийн иргэддээ үйлчилгээ үзүүлэх болсон гэнэ.
Тиймээс “Төлөөлөгч ирлээ” хэмээн шинэ халаадаа өмсөж, ширээний бүтээлгээ сольдог дүр зургаа өөрчилж, зөвхөн хот тохижилт, хог хаягдал, такси үйлчилгээ гэлтгүй нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний чанарт ч анхаарах цаг ирсэн. Иргэд ч мөн адил нийслэл хотын өнгө үзэмж сайн сайхан байх нь миний амьдралын нэгээхэн хэсэг гэж боддог байгаасай. Эс тэгвэл нийслэлийн иргэд бид хог хийссэн, шороо бужигнасан гудамжаар алхалж, уур бухимдалд дарагдсан хэвээр байх биз ээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ