
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Боловсролын газар хамтран Эрүүл мэндийн олимпиадыг анх удаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан байна.Олимпиадын зорилго нь хүүхэд бүр эрүүл мэндийн талаар тодорхой мэдлэгтэй байх, эрүүл байх эрхээ хамгаалж, бусдын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллах арга барил, зан үйлд суралцаж буйг дэмжихэд оршиж байгаа юм. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт-У нар олимпиадад амжилт гаргасан 13 сурагчид өнөөдөр өргөмжлөл, медаль, дурсгалын зүйл гардуулж өгчээ. Тэргүүн байр эзэлсэн дөрвөн сурагч болон олимпиадыг зохион байгуулах багийн ахлагч Д.Дуламжав нарт өөрийн сургууль дээр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх мянган долларын эрхийн бичгийг гардуулсан байна. Мөн энэ үеэр дэд сайд Ж.Амарсанаа сурагчдад хандан “Цаашид тус олимпиадыг зөвхөн нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэдгийг хэлэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ