
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн. Үдээс өмнө хэлэлцсэн энэхүү хуулийн төслийг үдээс хойшхи чуулганы хуралдаанаар дахин хэлэлцлээ. Хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн хүрээнд Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлийг хүүхэд, дотор, элэг, хавдар, төрөх, эмэгтэйчүүд зэрэг долоон тасаг бүхий нийслэлийн жишиг эмнэлэг болгоно.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хүрээнд нийслэлийн бусад эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэгт ашиглана хэмээн танилцуулсан.
Таницуулгын дараа гишүүд санал асуулгаа тавьж, Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас хариулт тавьсан.
С.Ганбаатар гишүүн "Төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааг боловсронгуй болгох гэсэн асуудлыг тодруулж өгнө үү" гэж асуусан бол Ж.Батзандан гишүүн "Баянзүрх дүүрэг гэхэд 300 мянга орчим иргэнтэй. Миний мэдэхээр 4-5 жилийн өмнө л эмнэлэгийн асуудал яригдаж байсан. Зөвхөн нэг дүүрэгт гэж онцлохгүй нэгдсэн бодлого гэж байна уу" хэмээн асуулаа.
Тэдний асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Нийслэл хот 700 мянга хүнтэй байх үеийн эмнэлэг иргэдэд үйчилгээ үзүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд 150 хүний ортой ганц эмнэлэг байгаа. Тиймээс дүүргийн хүрээнд эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төв, хувийн эмнэлэг, эмийн сангийн хүрэлцээтэй байдал зэргийг хамтад нь шийдэж жишиг эмнэлэг болгох юм. Баянзүрх дүүргийн хувьд Японы Засгийн газрын тусламжаар эмнэлэг баригдана" гэсэн хариултыг өглөө.
"Дэлхийн жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг гэсэн жишиг бий. Харин манайд 3 хувиас ч бага мөнгө зарцуулж байна. Чингэлтэй дүүрэгт ч адилхан хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй хүүхэд газар хэвтэж байна. Өмнөх Их хурлын үеэр Чингэлтэй дүүрэгт Кувейт улсын тусламжаар хүүхдийн эмнэлэг барьж өгнө гэж ярьсан. Энэ юу болсон бэ" гэсэн гишүүн Г.Баярсайханы асуултад сайд Н.Удвал "Гадаад хэргийн сайд Л.Болд энэ асуудлаар Кувейтийн талтай ярилцсан. Яриагаа цааш нь гэрээ хэлэлцээрийн шатанд хүргэх талаар ярьж байгаа" хэмээн хариуллаа.
"Монгол улсын нийт хүн амын 11 хувь нь оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эмнэлэг барих Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр төслийг соёрхон баталж өгөөрэй" хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг гишүүдийг уриалан саналаа хэлсэн. Хуралдааны төгсгөлд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр батлагдлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ