УИХ-ын чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжлэн явагдаж оройн 19 цагт шинэ гишүүдийн тангараг өргүүлэх асуудлыг гэнэт оруулж ирлээ. Хэд хоногийн өмнөөс тангарагаа өргөхөөр хүлээж байсан Д.Сумьяабазартай хамт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг орж ирнэ гэж байсан ч АН-аас нэр дэвшигч Д.Зоригт тангарагаа өргөхөөр болжээ.
Сонгуулийн Ерөнхий хорооноос Өвөрхангайн асуудал шүүхээр шийдэгдэж, дараагийн шатны шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэж үзсэн тул Д.Зоригтын нэрийг оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг өгч байлаа.
Гэнэтийн энэ явдалд УИХ дахь МАН-ын гишүүд бухимдаж, Монголд ардчилал, ардчилсан парламент үгүй боллоо гэцгээж байна. Хуралдаанд оролцож буй МАН-ын гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж "цаашид Монголд ардчилсан сонгууль, ардчилсан парламент гэж байх хэрэг байна уу" хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
Шинээр орж ирж буй хоёр гишүүн тангаргаа өргөснөөр энэ удаагийн парламент элэг бүтэн болж, чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
П.Наран