
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажил гараанаас гарч, талууд ажил гүйцэтгэх гэрээгээ үзэглэлээ. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн “Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Мицубиши-Чиёда түншлэл хооронд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-нд ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Японы Мицубиши корпорацийн Байгаль орчин, дэд бүтэц, бизнес хөгжлийн хэсгийн газрын дарга Мориваки нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод хэсэг хугацаанд гацаад байсан Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих ажлыг түргэвчлэх үүднээс Шинэчлэлийн Засгийн газар холбогдох асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлснээр энэхүү төсөл хэрэгжиж эхлэх ажил шуурхайлсан юм. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ нисэх буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Японы “Мицүбиши-Чиёда” компаниудын хамтарсан түншлэл шалгарч, нисэх буудлын цогцолборыг нийт 49,4 тэрбум иенийн өртгөөр гүйцэтгэхээр болоод байгаа. Шинэ нисэх буудлын цогцолбор нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор байх юм.
Япон талын гүйцэтгэгч шинэ нисэх буудлын барилгын ажлыг гэрээнд заасны дагуу буюу 2016 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ батлан хэлсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ