
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль ирэх сард болно. УИХ-д суудалтай намуудын төлөөлөл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зарчмын дагуу АН-аас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа. МҮАН-аас тус намын дарга М.Энхсайхан нэр дэвшихээ мэдэгдэж байсан ч нэрээ татаж аван АН-ын дэмжихээ мэдэгдсэн. ИЗНН-ын зүгээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр яригдахгүй байсаар АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэр гаргасан юм.
Харин МАХН Гүйцэтгэх товчооны хуралдаан, Бага чуулганаас гарсан шийдвэрээр тус намаас хэн нэр дэвшихийг шийднэ гэж байв. Нэр дэвшигчийг тодруулах МАХН-ын Бага чуулган энэ сарын 09-нд товлогдоод байсан ч хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд МАХН энэ удаагийн сонгуульд оролцохгүй байж магадгүй гэх мэдээлэл ч хэвлэлүүдэд гарч байв.
Тэгвэл өнөөдөр 16 цагийн орчимд тус намын Гүйцэтгэх товчоо хаалттай хуралдаж, улмаар Бага чуулган мөн хаалттай эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Бага чуулганы гишүүдийн зарим нь МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох ёстой, нөгөө хэсэг нь аль нэг намыг дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн харилцан адилгүй байр суурьтай байгаа талаар мэдээлж байсан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалыг нэр нь дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналаа ирүүлсэн аж. Н.Энхбаяр нь тус намыг эмхлэн байгуулж, улмаар парламентад суудалтай болтол нь өргөжүүлсэн лидер удирдагч хэмээн намыхан нь үздэг. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ирүүлж байгаа саналыг Бага чуулганы гишүүд хүндэтгэн хүлээн авсан аж.
Бага чуулган 21 цагийн орчимд өндөрлөж, намын бодлогын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Улмаар 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр санал хураалт явуулж, Бага чуулганы гишүүдийн 95 хувь нь дэмжсэн шийдвэр гарчээ.
Дашрамд дуулгахад, МАХН-ын төв байранд маргааш 13.00 цагт нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон тус намын гишүүд хэвлэлийн бага хурал хийх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ