
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус намын нарийн бичгийн дарга н.Чимидцэрэн нар өнөөдөр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хэрхэн оролцох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж, ардчилалтай, нээлттэй, ил тод явагдсан. Чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар нэн түрүүнд ярилцсан. Учир нь Бага чуулганы гишүүдийн зарим хэсэг нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, намын даргынхаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шаардлагагүй гэж мэдэгдэж байсан гэнэ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газарт орохдоо хийсэн гэрээний дагуу АН-ыг дэмжих, эсвэл угшил нэгт МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих талаар ч ярилцсан аж.
Чуулганаар эдгээр асуудлыг сайтар зөвлөлдөж, санал бодлоо солилцон шударга ёсыг сахиулахын тулд МАХН өөрийн хүнээ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өмнөх Бага чуулганаар яригдсан Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, Н.Удвал, Ц.Цолмон нарын дундаас сонголтоо хийх нь зөв гэсэн үзсэн бөгөөд бусад дөрвөн нэр дэвшигч нь өөрсдийн нэрээ татаж, улмаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганы гишүүдийн 95 хувь нь дэмжсэн хэмээн мэдээлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас Бага чуулган хоёр ч удаа хойшлуулсан шалтгааныг тодруулахыг хүссэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газартай хийсэн гэрээ зэргийг нягталж үзэх шаардлагатай байсан. Орон нутгийн сонгуульд оролцохдоо тус тусдаа оролцож болсон юм чинь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн тус тусдаа оролцох хэрэгтэй гэж үзсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хоёр том хүчин хоёулахнаа өрсөлдөж болохгүй. Тиймээс манай намын энэхүү шийдвэр нь аль нэг улстөрийн хүчинтэй холбогдох учиргүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ нэр дэвшүүлэн өрсөлдөх нь шудрага ёсны хувьд ч гуравдагч хүчний үүргээ биелүүлж, зайлшгүй хийх ёстой алхам байсан” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ