
Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-ний өдөр зах замбараагүй, тооцоо, төлөвлөлт муутай барилгын компаний хайхрамжгүй байдлаас болж Б.Есүгэн охин өргөгч кранд даруулж амиа алдсан. Тиймээс уг өдрийг “Есүгэний нэрэмжит” болгохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилга гаргасан байдаг. Улмаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг хуулийн төсөл боловсруулан УИХ-ын дэд даргад өргөн барьсан. Гэвч гурав, дөрвөн сарын хугацаанд сураг алдарсан уг хуулийн төслийг эргэн харах хэрэгтэй гэж эмэгтэй гишүүдийн бүлэг үзжээ. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа саяхан нэгэн хэвлэлд ярьсан байна.
Тэрээр “Бид “Есүгэний нэрэмжит өдөр”-тэй болох хуулийн төслийн нэрийг өөрчлөхөөр болж байна. Учир нь есдүгээр сарын 3-ыг тодорхой хүний нэрээр нэрлэж болохгүй гэсэн санал орж ирсэн. Тиймээс “Аюулгүй орчны өдөр” гэж өөрчлөхөөр болж, одоохондоо хойшлуулаад байгаа. Хэрэв ийм нэрээр нэрлэж өөрчилбөл барилгын салбарын ослоор амь үрэгдсэн хүмүүсийг санан дурсах өдөртэй болох юм. Уг нь гадаадад хүний нэрээр нэрлэсэн өдөр байдаг ч Монгол Улсад тийм туршлага байдаггүй юм байна” гэжээ.
Дашрамд дуулгахад, барилгын салбарт 2007 онд 73 осол гарч 40 хүн, 2008 онд 73-18 хүн, 2009 онд 43-11 хүн, 2010 онд 37-21 хүн, 2011 онд 46 осол гарч 19 хүн, 2012 онд 43 осол гарч 23 хүн, бүгд 132 хүн алтан амиа алдсан гэх статистик тоо бий.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ