Монголд 674 хүн ДОХ-ын халдвартай байж магадгүй гэв
Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр олон улсын болон үндэсний шинжээчдийн баг 2010-2015 оны ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн дунд хугацааны үнэлгээгээ танилцууллаа. Энэхүү үнэлгээг 1998 оноос хойш дөрөв дэх удаагаа олон улсын үнэлгээний багтай хамтран хийж байгаа ажээ.
Үнэлгээгээр энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 137 хүн ХДХВ-ийн халдвартай бүртгэгдсэн бөгөөд нийт хүн амтай харьцуулсан тооцооллоор 674 байж магадгүй гэнэ. Нийт хүн амын дунд халдварын тархалт 0.1 хувиас бага хэвээр байгаа нь бусад улс оронтой харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлт гэдгийг олон улсын шинжилгээний багийнхан хэлж байна. Хэдийгээр нийт тоон үзүүлэлтийн хувьд бага байгаа ч 2009-2012 оны хооронд халдварын тохиолдлын тоо хоёр дахин өссөн байна Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Су Нюунт У хэлэхдээ “Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлуудад эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дундах ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин нэмэгдэж 7.5 хувьд хүрсэн байна.
Бэлгийн цөөнх буюу эрэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөөнд хамруулах шаардлагатай гэж үзэж байна. Халдвар авсан хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа, эмчилгээ, ялгаварлан гадуурхалтаас сэргийлсэн арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн бэлгийн замаар дамжих халдварыг урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа тэмбүү өвчнөөс сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ