Улаанбадрах сумын ард иргэдийн амь насанд эрсдэл учирч байна гэв
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран хайж, олборлож буй Францын “Арева”-гийн охин компани болох “Кожеговь” компанийн үйл ажиллагаанаас үүдэн тэр хавийн мал үхэх болсон билээ. Энэ асуудлаар “Гал үндэстэн холбоо”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-аас өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг ураны хайгуулын улмаас цацраг, хүнд металлаар бохирдон, мал олноор үхэх боллоо гэж мэдээлэв. Тэдний хэлж буйгаар “Улаанбадрах сумын Аргалант багийн малчдын хотонд хоёр жилийн өмнөөс гаж төрөлттэй төл олноор төрөх болсон байна. Мөн малын нүд өвдөж, уушиг, элэг нь толбо тогтож цэврүүтсэн, идээ бээр гүйсэн, дотор эрхтнүүд нь сэмжтэйгээ наалдсан гэх мэт шинж тэмдгүүд илрэх болсон байна.
Дээрх ТТБ-ууд хамтран тухайн орчинд судалгаа хийжээ. Судалгааны явцад тус суманд манай улсад мөрдөгдөж байгаа цацрагийн хэмжээ байх ёстой хэмжээний дээд хязгаараас 9 дахин их байгаа нь тогтоогдсон байгаа. Мал ингэж олноороо үхэж, амьтай, амьгүй төл олноор гарч байгаа нь малчид төдийгүй, ард түмнийг сэтгэл санааны дарамт, айдаст хүргэж байна. Бид Улаанбадрах суманд судалгаа хийх долоо хоногийн хугацаанд Аргалант багийн 30 гаруй иргэнд биохимийн шинжилгээ хийхэд тал нь элэгний өөрчлөлтэй гарсан” гэв.
Мөн тэд “Байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0.2 хувь орчим байдаг гэвэл нэг тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад хоёр кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Ийм шавран нууранд хүдрийн 85 хувийг эзлэх цацраг идэвхт бодис, хүнцэл зэрэг олон хорт бодис тунадаг. Үүнээс үзэхэд бид болон үр хүүхдийн маань ирээдүйд аюул учрахгүй гэх баталгаа алга байна. Цөмийн энергийн газраас энэ бүхнийг үгүйсгэж, үхэр, тугал уранаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Тодруулбал, үхэр кальцийн дутагдал болон тарианаас болж үхсэн гэсэн дүгнэжээ. Харин Мал эмнэлэг, үржлийн газраас энэ оны гуравдугаар сарын 11-нд гаргасан хариунд “2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, Тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоолоо. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно” гэжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ