Б.Жавзанхүү: Хүүгээ заазуурдсан эцгийн гэм бурууг тогтоовол 5-10 жилийн ял онооно
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороо буюу Хонхор өртөөнд өнгөрсөн амралтын өдөр таван настай балчир хүүхдээ зодож, заазуурдсан ноцтой хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Хүүхдийн төлөө үндэсний төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
.
Уг хуралд Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн Г.Ойнбаяр, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Гэр бүл, хүүхэд хамгааллийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн ТББ-ын тэргүүн П.Цэвээн нар оролцсон.
.
Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдөж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт болсон хэргийн хохирогч хүү таван настай И ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Харин хүүг зодсрн төрсөн эцэг 40 гаруй настай Д Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад өнөөдөр суллагдсан. Гэвч тэрээр гэртээ хариад дахиад охиноо зоджээ. Тиймээс түүнийг 461-р хорих ангид дахин саатуулсан талаар хэлсэн юм. Мөн түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэрэв түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 5-10 жилийн хорих ял оноох байх. Тэрбээр хүүгээ сүүлийн гурван жил өөрийн хүү биш хэмээн эхнэрээ хардахдаа балчир үрийнхээ хуруу, нуруу зэргийг заазуурдаж, гартаа чулуу атган толгой руу нь цохиж, хамрыг нь гэмтээж байсан талаар хэлсэн.
.
Харин Гэр бүл, хүүхэд хамгааллийн хэлтсийн дарга С.Байгалмаа “Сүүлийн үед манайд архидалт газар авсан. Үүний улмаас гэр бүлийн хамгийн хариуцлагтай үүргийг хүлээж байгаа аав нар гэр бүлдээ айдас, дарамт нэмэх болжээ. Бид саяхан 12-18 өсвөр насны 650 хүүхдийн дунд судалгаа явуулахад, ихэнх нь аавыг ажилтай болгомоор байна, архинаас гаргамаар байна, ээжтэйгээ муудалцуулмаагүй байна гэж хариулсан. Эндээс харахад, гэр бүлд аавууд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй байна. Бид хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй ч айл бүрийн гэр бүлийн асуудалд оролцоод байх боломжгүй. Яагаад гэвэл монголчуудад гэр бүл дэх асуудал бусдад үргэлж хаалттай байсан. Үүнийг нээхийн тулд манай хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага идэвхитэй өрнүүлдэг. Энэ ажил “хаалттай” гэр бүлийг нээхэд оршиж байна” гэлээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ